С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Солонгоо: Хариуцлага шийтгэл тооцохоос илүү урамшууллын механизмыг судлах шаардлагатай
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 10 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонслоо.
Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааны талаарх мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дарга Б.Солонгоо танилцууллаа.
Тэрбээр, хамтарсан Засгийн газар байгуулагдснаас хойш төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг баталж, сурталчлан таниулах арга хэмжээ авч ажиллаж байгаа талаараа болон Ёс зүйн дэд хорооны хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам, төлөвлөгөөг баталсан талаар танилцуулсан.
Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд Ёс зүйн дэд хороо 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс ажиллаж эхэлсэн талаарх мэдээллийг өгөв. Тэрбээр, төрийн албаны харилцаа хандлагын зөрчил гомдлыг хэрхэн шалган барагдуулж буй талаар, иргэдээс мэдээлэл авах 11 11 төвд ирсэн санал хүсэлтийг задлан шинжилсэн тухайгаа танилцуулав. Тухайлбал, тэдгээр гомдлын 64 хувь нь төрийн албан хаагчтай холбоотой бөгөөд өргөдөлд хариу өгдөггүй, байгууллагын цахим хуудаст байршуулсан утсаа авдагүй, төрийн бодлого, шийдвэр мэдээ, мэдээлэлд буруу тайлбар өгсөн, цагийн хуваарийн дагуу ажилладаггүй гэсэн гомдлууд иржээ. Эдгээр гомдлын 58,2 хувийг шийдвэрлэсэн хэмээн мэдээлээд, цаашид анхаарах асуудлаа танилцуулсан юм. Тухайлбал, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн хороодын гомдол, мэдээлэл шалгаж, шийдвэрлэх хүрээг оновчтой болгох, ёс зүй, ёс суртахуун, ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, ёс зүйн шаардлага, ёс зүйн хэм хэмжээ зэрэг тодорхойлолт, ойлголтын зөрүүг арилгах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах, ёс зүйн хууль тогтоомжид шинжилгээ хийх замаар төрийн албан хаагчийн ёс суртахууныг зохицуулсан давхардал, хийдэл, зөрчлийг цэгцлэн ёс зүйг нэгдмэл байдлаар авч үзэх, хариуцлага шийтгэл тооцохоос илүүтэй эерэг хандлага, зан үйлийг дэмжсэн урамшууллын механизмыг судлах зэргийг анхаарах шаардлагатай байна гэв.