Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаандаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан “Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах журам”-ыг баримтлан дээрх асуудлыг хэлэлцэж буйг мэдээлсэн. Ингээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрэмбийг баримтлан Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Цогийн Очийг мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг танилцууллаа.

Нэр дэвшигч Цогийн Оч нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, ам бүл 6. Тэрбээр 1986-1996 онд нийслэлийн 18 дугаар сургууль, 1996-2001 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2009-2021 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг тус хамгаалжээ. Нэр дэвшигч Ц.Оч нь 2001-2002 онд “Энигма” XXК-д хуульч, 2002-2006 онд Монгол Улсын дээд шүүхэд шүүгчийн туслах, 2006-2008 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, 2008-2012 онд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, 2012-2013 онд Хэнтий аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм байна. Нэр дэвшигч нь төрийн албанд 24 жил, шүүгчээр 19 жил 2 cap, үүнээс давж заалдах шатны шүүхэд 12 жил 5 сар ажиллаж байгаа хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга танилцуулав.

Нэр дэвшигч Ц.Оч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлагыг бүрэн хангаж байгаа хэмээгээд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Нэр дэвшигч Ц.Оч нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50.71 оноо, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 26.52 оноо, нийт 77.23 оноо авч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгчид нэр дэвшигчдээс авсан шалгалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 9.4-т заасныг баримтлан хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Цогийн Очийг Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналтай байгаа гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг үргэлжлүүлэн холбогдох хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрэмбийн дарааллыг баримтлан Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг танилцуулав.

Нэр дэвшигч Энэбишийн 3олзаяа нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, ам бүл 4. 1978-1988 онд нийслэлийн 18 дугаар сургууль, 1988-1994 онд Оросын Холбооны Улсын Москва хотын Нийтийн ахуй үйлчилгээний улсын академийг тус тус төгссөн. Инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистрын зэрэгтэй. 1996-1999 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2009-2016 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 1999-2004 онд Нийслэлийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, 2006-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, 2013-2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч, 2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь төрийн албанд 26 жил 4 сар, шүүгчээр 20 жил 7 сар, үүнээс давж заалдах шатны шүүхэд 11 жил ажиллаж байгаа гэв.

Нэр дэвшигч Э.Золзаяа нь хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлагыг хангаж буй талаар шалгуур нэг бүрээр нь дэлгэрэнгүй танилцуулсан юм. Нэр дэвшигч Э.Золзаяа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.9 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн холбогдох тогтоолд заасны дагуу нийт 76.71 оноо авчээ. Иймд холбогдох хууль тогтоомжид үндэслэн хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг ийн Байнгын хороонд танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох журмын дагуу Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, П.Сайнзориг, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд нар асуулт асууж, хариулт авав. Гишүүд шүүгчдийн хараат бус байдлыг хангах чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулсан. Тус зөвлөлийн гишүүдийн бүрэн эрх энэ онд дуусгавар болж буйг Н.Мөнгөнцэцэг дарга дурдаад “Шүүгчийн хараат бус байдлыг хангахад шүүхийн бие даасан байдал нэн чухал бөгөөд Зөвлөлөөс энэ чиглэлээр 2024 онд Улсын Их Хурлаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг батлуулж, Монгол Улсын шүүхийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлуулсан. Энэ хүрээнд шүүхийн бүтэц, захиргааны бүтэц болон орон тоог өөрсдөө тогтоох, цалингийн тохируулгыг хийх эрх зүйн орчныг бүрдсэн. Шүүхийн цахимжуулалтыг эрчимжүүлэн, “Цахим шүүх 2.0” системийг 2026 оны 6 сарын 30-ны өдрөөс ашиглаж эхлэхээр төлөвлөн бэлтгэл хангаж байна” гэдэг хариултыг өгөв.