Тэтгэвэр авагчдын худалдан авах чадварыг хамгаалах бодлого баримталж байна

Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара дундаж болон түүнээс доогуур орлоготой иргэдэд нэмэлт хуримтлал үүсгэх боломж гэдгийг хэлж, хувийн нэмэлт тэтгэврийн харилцаа нь ирээдүйд баян хоосны ялгааг улам гүнзгийрүүлэх, мөн өндөр орлоготой хэсэгт татвараас зайлсхийх хэрэгсэл болох эрсдэл байгаа эсэхийг магадлаж, хувийн тэтгэврийн сан дампуурсан, эсвэл хөрөнгө оруулалт нь эрсдэлд орж алдагдал хүлээсэн тохиолдолд иргэдийн хуримтлалыг хэрхэн хамгаалах, мөн иргэдийн олон жилийн хуримтлал инфляцид идэгдэж үнэгүйдэхгүй байх баталгаа байгаа эсэхийг тодруулсан юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир түүний асуултад хариулахдаа, Засгийн газраас мах, гурил, элсэн чихэр, цагаан будаа зэрэг үндсэн 15 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих, зах зээлд интервенц хийх замаар тэтгэвэр авагчдын худалдан авах чадварыг хамгаалах бодлого баримталж байгааг танилцуулав.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, П.Наранбаяр, Г.Хосбаяр, Д.Энхтуяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, Х.Болормаа нар үг хэлж, хуулийн төслийг дэмжсэн байр сууриа илэрхийллээ. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо нийгэмд хуримтлалын соёл, санхүүгийн боловсрол төлөвшүүлэх ач холбогдолтойг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дурдаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхээр тогтоосон нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт үүсгэж буйг эргэн харж, зохицуулах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр тэтгэврийн сангийн хөрөнгийг стратегийн ач холбогдолтой мега төслүүд болон банкнаас бусад санхүүгийн хэрэгсэл рүү урт хугацаатай, баталгаатай байршуулах харилцааг зохицуулах шаардлагатайг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр дотоодын хувийн тэтгэврийн сангуудын төвлөрүүлсэн 80 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн дотоодын зах зээл дээр эргэлдүүлэх бус олон улсын өндөр өгөөжтэй хувьцаа, үл хөдлөх хөрөнгө болон гадаад улсын зах зээлд хөрөнгө оруулах боломжийг нээх талаар судалж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд зөвлөлөө.

Даатгуулагч иргэдийн эрх ашгийг хамгаалах, хуримтлалыг өвлүүлэх, мөн хамтын тэтгэврийн тогтолцоог хуулийн төсөлд нарийн тусгах шаардлагатай гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа чухалчилж, тэтгэвэр авагчдын ажилласан нөхцөл, малчны, олон хүүхэдтэй эхчүүдийн, урлагийнхны, төмөр зам, цэргийн алба хаагчдын зэрэг тусгай тэтгэврийн тогтолцоог дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлэх талаар судалж ажиллах шаардлага байгааг сануулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа хувийн тэтгэврийн сангийн өгөөж доод хязгаараа давж унасан тохиолдолд зохицуулагч байгууллагаас авах хамгаалах арга хэмжээ, ажил олгогч нар ажилтнуудаа автоматаар хувийн тэтгэвэрт хамруулах хөтөлбөр хэрэгжүүлснээр хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн сангийн засаглалыг бэхжүүлэх зохицуулалтуудыг хуулийн төсөлд тодорхой тусгах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара татварын урамшуулал, буцаан олголтыг хуульд тусгах замаар дундаж давхаргыг хамгаалах, энэ талаарх төрийн үүрэг ямар байхыг хуульийн төсөлд нарийвчлан заах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа мөн сангийн хөрөнгийн аюулгүй байдал, төрийн хяналт чухал гэдгийг анхааруулав.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ