С.Нарангэрэл, Накамура Масаки нарыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж "Үндсэн хуульт ёс: өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож буй Монгол Улсын ШУА-ийн академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарангэрэл, Япон Улсын Нагояагийн эдийн засгийн их сургуулийн “ИНУЯАМА” судлалын төвийн профессор, захирал Накамура Масаки нарыг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улсын Анхдугаар Үндсэн хууль батлагдсанаас хойших түүхэн сургамж, ололт амжилт, алдаа оноог шинжлэх ухаанчаар хэлэлцэж буй олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, сонирхолтой илтгэл хэлэлцүүлж буй эрдэмтдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Мөн Анхдугаар Үндсэн хуулийн онцлог, сургамж, түүхэн ач холбогдол, Анхдугаар Үндсэн хуулийн бүтэц түүхэн өөрчлөлтийн талаарх илтгэлүүд энэхүү хуралд оролцогчид болоод Үндсэн хууль судлаачдад чухал мэдээлэл өгнө гэдэгт эргэлзэхгүй байна хэмээсэн.

Профессор С.Нарангэрэл, Накамура Масаки нар цаг гарган хүлээн авч уулзсан УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад талархал илэрхийлээд, салбар салбарын нэр хүндтэй эрдэмтэн, профессор, докторуудыг оролцуулсан эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэлээ.

Энэ удаагийн хуралд Энэтхэг, ОХУ, Япон, БНСУ, ХБНГУ-ын эрдэмтэд урилгаар оролцож буй бөгөөд нийт 34 илтгэл хэлэлцэх юм.