Д.Амарбаясгалан: Улс төрийн намын шинэчлэл, хөгжил, төлөвшилд хариуцлагатай хандах ёстой
Байнгын хорооны гишүүдийг сэлгэн томилов
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Тогтоолд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболдыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Хууль зүйн байнгын хорооны, Н.Алтаншагайг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн С.Замираг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Н.Алтаншагайг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболдыг Хууль зүйн байнгын хорооны, П.Сайнзоригийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус томиллоо.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан талаар танилцууллаа. Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд, мөн өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд тус тус хуваарилжээ.