А.Отгонбаатар: Хөдөлмөрлөж олсон бүхэн хамгийн үнэ цэнэтэй

Хүүхэд нас хүргэж өгдөг.

Гал тэрэг хэрвээ байдаг бол... хэмээн дуулж, хүүхэд насныхаа дурсамж дүүрэн он жилүүдээ дурсахдаа бид гэнэн томоогүй үеийнхээ жаргалтай агшинг мэдэрдэг. Тиймээс л хүний амьдралын мартагдашгүй, давтагдашгүй үе бол хүүхэд нас гэж тодотгодог. Алсран одсон ч хүн бүрийн зүрхэнд хадгалаастай үлдсэн хүүхэд ахуй нас хүн шиг хүн байхын эхлэлийг тавьж, энэ орчлонд зөв алхахыг чигээ олж авдагсан. Хүн бүр хүүхэд насыг тойрдоггүй дайрч гардаг нь амьдралын маргашгүй үнэн. Ийм л нэгэн бодол бас яриагаар бидний яриа эхэлсэн юм. Түүнийг хүмүүс “Үнэн ба Зөв” намын дарга гэдгээр нь эчнээ танина.

“Би их дэггүй хүүхэд байсан. Борог амьдралд өссөн гэдгээ бусдаас хэзээ ч нууж байгаагүй ээ. Цоорхой гутал өмсч өссөн ч хиртэй хувцастай явж үзээгүй юм” хэмээн бодлогошоронгуй хэлэх А.Отгонбаатар хүүхэд насаараа хэсэгхэн хором аялах шиг болов. Хорвоогийн жамаар өнгөрүүлсэн хором бүр амьдралд түүх болж бичигдэн үлддэг. Тэр ч бас зовлон жаргал ээлжлэн эргэлддэг амьдралын хуанлид өөрийн түүхээ сийрүүлж яваа эгэл жирийн нэгэн. Намын дарга гэдгээр нь монголчууд мэдэх ч түүний туулж өнгөрүүлсэн болон багаасаа туулахаас өөр сонголтгүйгээр босгосон амьдралын түүх нь ихэд энгийн хэрнээ эгэл. Эцэг, эхийнхээ хайранд өсч, элэг бүтэн амьдрахын жаргалд умбаж явсан түүнд хангай шиг түшигтэй аавыгаа тэнгэрт дэвшүүлсэн үе хүнд туссан гэдэг. Аавын үгүйд таван өнчин хүүхдээ хүний зэрэгт хүргэх гэж хөдөлмөрлөж явсан түүний ээж автобаазад үйлчлэгчийн ажил хийдэг байжээ. “Айлд ороход гэрийн эзэн нүднийхээ үзүүрээр муухай харж, тавагнаас нь ганц ширхэг чихэр авахад “гуйлгачин шиг” гэж зэмлэдэг байлаа. Өөр хүүхдийг авахад өхөөрддөг хэрнээ намайг адлаад байгаа юм шиг санагдаад их гомддог байсан. Хүүхэд болсон хойно гомдол тээх нь ойлгомжтой. Ээж минь их хөдөлмөрч. Багаасаа ах нарынхаа багадсан хувцсыг өмсдөг байлаа. Шинэ хувцас авахуулж өмсч байгаагүй. Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог байхгүй гэдэг үг үнэн дээ” гэв.

Түүний хэлж буй хэдхэн үгээс ээж нь хөдөлмөрч, хүүхдүүдийнхээ ирээдүйн замыг өөрөөрөө үлгэрлэж зассан эгэл жирийн амьдрал дунд цэвэр цэмцгэр, бусдыг хүндэлж, хайрлах ухааныг зааж өсгөсөн нь илт ойлгогдоно.

ХААИС-д анх ажилд ороход ээж минь “Болж дээ, Хүү минь л” гэсэн

Хөдөөгийн буйдхан сумын сургуульд дэггүйгээрээ алдартай А.Отгонбаатар алтан гурав сурдаг сурагч байжээ. Арван жил төгсч, аймгийн төв рүү конкурс өгөхөөр ганцаараа явж байсан гэнэ. Шалгалтаа өгчихөөд гарахад түүнийг хүлээх хэн ч байсангүй. Ангийнх нь найзуудыг аав, ээж нь хоол унд зэхчихсэн хүлээж байхад А.Отгонбаатарыг хүлээх хэн ч байгаагүй хэрэг. Ээж нь Улаанбаатарт ахынх нь хүүхдийг харж байсан гэдэг. Амьдралынхаа чухал сонголтыг хийх гэж байсан хүүтэйгээ утсаар ярьж, “Хамгийн бага төлбөртэй сургуульд ороорой. Өндөр төлбөртэй сургуульд сургаж чадахгүй шүү” хэмээн анхааруулан хэлжээ. Бусад хүүхдийн адилаар суралцахыг хүсч байсан сургуулиа сонгох эрх түүний амьдралын боломжоос шалтгаалж хумигдсан нь энэ. Тиймээс ХААИС-ийг төлбөр багатай гэдгийг нь судалчихсан байсан учир өөрт таалагдах хуваарийг сонгохоос өөр гарц түүнд үлдсэнгүй. “ХААИС-ийн төлбөр бусад сургуулийг бодвол арай бага төлбөртэй, 490 мянган төгрөг. Тиймээс яалт ч үгүй сонгох шаардлага тулгарсан хэрэг. Мэргэжлийнхээ сонголтыг хийж чадаагүй байтал инженер багшийн хуваарь үлдсэн байв. Хоёр ирсний нэг нь үлдэж. Сайн мэргэжил учраас нэг хувиар үлдсэн байна гэж бодоод сонгосон. Сургалтынхаа төлбөрийг хагас өнчний тэтгэмжээр төлөөд 190 мянган төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй үлдээд төлж чадахгүй. Яах учраа олохгүй хэцүүхэн байсан. Тухайн үед 60 мянган төгрөг төлөөд сургуульдаа бүртгүүлэх боломж байсан юм. Ээж минь 60 мянган төгрөг төлж, бүртгүүлж, сурах боломжтой болсон” гэлээ.

Ингэж тэрбээр их сургуулийн босго алхаж, олон мянган оюутнуудтай мөр зэрэгцэн алхав. Сургалтынхаа төлбөрийг дутуу төлсөн учир хичээлд нь суулгахгүй хөөх тохиолдол их гарна. Тэр бүрт захирлынхаа өрөөнд орж “Би тэтгэлэгт хамрагдахаараа төлбөрөө өгье. Ар гэрийн гачигдалтай” гэж учирлаж хэлээд гуйж, хичээлдээ суух эрх авдаг байжээ. Ангийнх нь хүүхдүүд төлбөргүй гэж аав ээж рүүгээ утас цохиж байхад А.Отгонбаатар захирлынхаа аргыг олсноос ээждээ энэ талаар нэг ч үг дурсдаггүй байсан гэнэ. Оюутны он жилүүд үргэлжилж төгсөх курст орлоо.

Гэтэл төлбөрийнхөө асуудлаас болж, төгсөх боломжгүй болсон гэнэ. Түүнийг сургалтын менежерийн өрөөнд дуудаж, айж эмээн очиход “Ажилд авна” гэх гайхшрал төрүүлэм саналыг тавьжээ. “Төлбөрийн үлдэгдэлтэй надад сургуульд ажилд орох санал тавьсан. Инженерийн сургуулийн дипломыг зургадугаар сард гардуулж өгдөг. Гэтэл би тавдугаар сард ажилд орох тушаалаа гаргуулж байлаа. Захирлын саналыг хүлээж аваад ээждээ хэлэх л хамгийн жаргалтай мөч байсан. Ээж минь хатуу амьдрал туулсан болоод ч тэрүү ил баярладаггүй хүн. “Болж дээ. Хүү минь” л гэсэн. Би ХААИС-д гурван жил ажилласан” хэмээн ярилаа.

Микронд кондуктар хийж, нэг шуудай нүүрс, сүүтэй харьдаг байлаа

ХААИС-д суралцаж байхдаа А.Отгонбаатар ханьтайгаа танилцаж, хоёрдугаар курстээ аав болжээ. Түүний эгч миний дүү хөдөөний охинтой ханилаарай гэж чихэнд нь хоногштол хэлдэг байж. Тийм болоод ч тэр үү хөдөөний охинтой гэрлэнэ гэж бодож явдаг байсан гэж инээмсэглэн хэлэв. Тэрбээр үргэлжлүүлэн “Ханьтайгаа мессеж бичиж, танилцаж байлаа. 2007 оны аравдугаар сард Сүхбаатарын талбай дээр анх болзож байсан. Болзсон бүсгүйг кинонд урьж, хамт хооллодог байтал надад ямар ч мөнгө байгаагүй. Тэгээд Төрийн ордны арын цэцэрлэгт хэдэн цаг ярилцаж сууж байсан. Тэр үеэс өнөөг хүртэл хамтдаа жаргал зовлонгоо хуваалцаад амьдарч байна даа” хэмээв. Хоёрдугаар курстээ аав болсон А.Отгонбаатараас амьдрал асар их хариуцлага шаардаж байсан нь мэдээж. Хичээлийнхээ хажуугаар микронд кондуктар хийдэг байсан тэрбээр мөн л эл ажлаа хийж явахад эхнэр нь ЭХЭМҮТ-д нярайлж, охинтой болцгоожээ. Энэ үеэс илүү их хичээж, оюутан ч гэсэн орой харихдаа хүүхдийнхээ сүүг, памперстай нь авч очих шаардлага тулгарчээ.

“Хоёрдугаар курстээ өрх тусгаарлаж байлаа. Гэрлэлтээ батлуулаад 500 мянга, төрсний дараах төрөөс олгодог хэдэн төгрөгийг нэгтгээд гэрийн мод аваад хуучин дөрвөн ханатынхаа дээврийг тавиад хөндий гэрт хуримаа хийж амьдралаа эхэлж байлаа. Ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Охин маань гурван сартайдаа мөөмнөөсөө гарсан. Орой харихдаа нэг шуудай нүүрс, өглөө байх сүүтэй л харих ёстой байсан. Тэгээд микронд кондуктар хийнэ. Эсвэл сургуулийнхаа ах нартай мөрийтэй хөзөр тоглодог байлаа. Голомт банкнаас сар бүр 60 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг байсан. Тэр бүгдээр зохицуулахаас гадна сэт өндөг 3600 төгрөгөөр худалдаж аваад чанаад “Нарантуул” зах дээр нэг ширхэгийг нь 300-гаар зарна. Орлогоороо хоол хүнсээ бэлдээд л харьдаг байсан” гэлээ.

Хичээлийнхээ хажуугаар барилгын туслах хийж, хэрэглээнийхээ мөнгийг олдог тэрбээр тоос шороо болсон хувцастай явж байхдаа найзтайгаа таарсандаа санаа нь зовниж “Ингэж явах ч дээ” гэж өөртөө гутарч явсан гэдэг. Микро автобусанд хүртэл кондуктар хийж байсан. Өдрийн 5000 төгрөгийн цалинтай. Хөдөлмөрлөж, хөлс хүчээ шавхан олсон мөнгө хамгийн үнэ цэнэтэй байдаг” гэв.

Өдгөө ч А.Отгонбаатар эхнэр, хоёр охины хамт гэр хороололд амьдарч байна. Хоёр идэхгүй хоосон хонохгүй бусдын адил хорвоогийн бор хоногуудыг өнгөрөөж, ирээдүйнхээ сайн сайхны төлөө хөдөлмөрлөж байна хэмээн хуучлах тэрбээр “Нарантуул” захад хэд хэдэн гутлын лангуутай. Эхний жил өөрөө ганзагын наймаанд явж, худалдагч хүртэл хийж байсан гэнэ. “Намынхаа даргыг ч хийнэ. Наймаагаа ч бас хийсэн дээ. Одоо эгч нар маань гутлын лангуунуудыг хариуцаж ажиллаж байгаа. Эх үрсийн баяраар “Нарантуул”-ын худалдаачид хүүхдүүд баярлуулсан даа. Тэд нар чинь миний эгч нар шүү дээ” хэмээсээр бидний ярилцлага өндөрлөсөн юм.

Намын дарга хийдэг учир түүнийг боломжийн амьдралтай гэж дүгнэх нэгэн байдаг. Гэвч тэрбээр намаасаа цалин авдаггүй. Наймаанаасаа тодорхой хэмжээний ашиг олж, ажил амьдралынхаа санхүүжилтийг шийдвэрлэдэг гэдгээ нуусангүй. Харин түүний эхнэр ХААИС-д багшилдаг. Тэднийх бусдын адил банкны зээлтэй ч амьдралын төлөө хөдөлмөрлөж яваа жирийн нэгэн гэр бүл.

                                                                                                   С.Ичинхорлоо