Монгол Улсын Ерөнхий нүдүүр!
“Ерөнхий сайд бол ерөнхий мишок юм. Хүн бүр л нүддэг. Өөр бас хэнийгээ ч шүүмжлэх билээ” гэж Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд ярьжээ. Бодит байдлаас тийм ч хол зөрөхөөргүй дүгнэлт. Хүний өөрийн гэлтгүй улстөрчдийн эрх ашгийг сөрж шийдвэр гаргах, нийгмийн эсэргүүцэл, шүүмжлэл, хардлагатай тулахаас эхлээд Ерөнхий сайд байхын зовлон их.
Оюу Толгойг хөдөлгөснөөрөө Санжийн Баяр, Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг тарааснаараа Сүхбаатарын Батболд, “Чингис бонд”-ыг хоёрдагч зах зээл гаргаснаараа Норовын Алтанхуяг, “Дубайн гэрээ”-нд гарын үсэг зурснаараа Чимидийн Сайханбилэг одоо ч нүдүүлдэг. Харин өнөөдөр тэрхүү нүдүүрийн орон зай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүссэн ч эс хүссэн ч шилжив. Угаас Ерөнхий сайдын энд хүрсэн нь үнэн л юм бол улстөрч хүний үүрэх ёстой ачаа нь энэ юм.
Гэхдээ С.Баяраас, Сү.Батболдоос, Н.Алтанхуягаас, магад Ч.Сайханбилэгээс ялгаатай нь 14 мега төслийн ард гарах ам гарснаараа Л.Оюун-Эрдэнэ нэг бус нэгжээд шийдвэрийг авторлож, бас нүдүүлэх нь. Бүгдээрээ жижиг бус мега төсөл учраас тус бүрдээ том улс төр, ашиг сонирхлыг дагуулна. Тэр хэрээрээ эрхэлсэн сайд биш гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Л.Оюун-Эрдэнэ бүх галыг өөртөө авч таарна. 14 мега төсөл хөдөлгөнө гэж тооцвол 14 удаа асуудал өргөн баригдах хэмжээний сэтгэлзүйг энэ Ерөнхий сайдаас шаардана гэсэн үг.
2004 онд Монгол, БНХАУ Засгийн газар хоорондын гэрээ байгуулаад Тавантолгойн нүүрсийг төмөр замаар тээвэрлэсэн бол өнөөдөр нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 10 мянган ам.долларт өлхөн хүрэх байв. Утаа, түгжрэл тэргүүтэй Улаанбаатарын зовлон ч ингэж туйлдаа хүрэхгүй байлаа. Гэвч алдагдсан боломжийн өртөг нь хэдэн арван их наядаар хэмжигдэх хэмжээний хохирлыг Улаанбаатарчууд төдийгүй монголчууд амссан. Энэ байдлаараа цааш явбал ирээдүйд учрах хохирол нь тоймгүй их учраас Л.Оюун-Эрдэнэ цээжээрээ хамгаалах шахуу болж байж царигийн маргаанд цэг тавьж, хил холболтын төмөр замын төслийг явуулахаар боллоо.
Бодит баримт, факт үгүй ч хоёр толгойтой тугал, хордсон нутаг гэх айдсын менежементэд дөрөөлсөөр бараг 27 жил гацсан ураны төслийг албан ёсоор эхлүүлэхээр боллоо. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр зурагдав. Үргэлжлүүлээд Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, хийн хоолой төслийг хөдөлгөх мессежийг Ерөнхий сайд өөрөө хэлнэ лээ. Тэгэхдээ ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх хийн хоолой, төмөр замын баруун, зүүн коридорын төсөл Засгийн газрын дараагийн гол фокус байх болно гэсэн нь маргаангүй анхаарал татав сэдэв.
14 мега төсөл хэрэгжүүлж, ДНБ-ий хэмжээг 200 их наядад хүргэх том амбийц тээж буй Монгол Улсын Засгийн газарт мега төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулахад гадаад, дотоод, “Гуравдагч хөрш”-ийн хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хамгийн хэрэгтэй. Гагцхүү хөрөнгө оруулагчдад ямар нэгэн цензур тогтоох гэхээсээ ОХУ, БНХАУ гэсэн мөнхийн хоёр хөрштэйгөө ойлголцох замаар томоохон мега төслүүдээ гараанаас гаргах нь цаг хугацааны л асуудал юм.
Хил холболтын төмөр зам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хэлэлцээрт Шанхайд гарын үсэг зурахтай зэрэгцэн Монголын улс төрд Ерөнхий сайд руу чиглэсэн шуурга дэгдсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. Харин ердөө л эхлэл нь. Тавантолгой болон Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц, төмөр замын баруун, зүүн коридор, гангийн үйлдвэр зэрэг 14 мега төсөл багтсан бүтээн байгуулалт урагшлах тусам энэ Засгийн тэргүүн бодитоор нүдүүр болно. Дааж гараад тууз хайчлах, дундаас нь зогсоод дараагийн нэгэнд найдах эсэх нь цэвэр түүнээс шалтгаална. Гол нь “Алдаа гаргахаас айх цаг одоо биш. Харин эс үйлдэл хийхээс илүү айх учиртай” гэдгийг Л.Оюун-Эрдэнэ онцолсон нь эхлүүлсэн ажлынхаа ард гарах итгэл үнэмшил Хамтарсан Засгийн газар бий гэсэн ойлголтыг төрүүлж байна.
Г.Эрхэс



