“Ойрад түмэн" язгуур соёл урлагийн наадам болжээ

Монгол туургатны олон зуун жилийн туршид хадгалж хамгаалж ирсэн хөөмий бий биелгээ, товшуур, тууль хайлах зэрэг язгуур урлаг болон соёлын бүх төрлүүдийг өвлөгч, уламжлагч нарыг нэгэн дээвэр доор хураан цуглуулж, язгуур утгаар нь сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой соёлын солилцооны болон Монголоо сурталчлах зорилго бүхий “Ойрад Түмэн” 2019 олон улсын язгуур соёл урлагийн их наадам  боллоо. Тус наадам Увс аймгийн Түргэн суманд байрлах "Онцын Тасархай" ХХК-ийн "Оршин Тогтнохуй" жуулчны баазад 14 дэх удаагаа зохион байгууллаа.

 

Тус наадмын нээлтийн үйл ажиллагаанд Байгал орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ОХУ-ын Төрийн Думын гишүүн Батор Канурович Адучиев, ОХУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Джеваков Мерген Владимирович тэргүүтэй хүндэт зочид оролцлоо.

Язгуур соёлын өв тээгчид, уламжлагчид, суралцагч, сонирхогчид язгуур өв соёлоо дээдлэгчдийг хамруулан олон үндэстний хүрээнд зохион байгуулагддаг уг наадмын хүрээнд уртын дуу, бий биелгээ, хөөмий, цуур, ерөөл магтаал, тууль, морин хуур язгуур урлагийн шилдгүүд, Морьтой хос, Язгуур үндэсний хувцас , Шилдэг гар урлал шалгаруулах зэрэг  арга хэмжээнүүд тусгай хөтөлбөрөөр зохион байгуулжээ.