Г.Лувсанжамц: Б.Энхбаяр сайд бусдад тавьдаг шаардлагаа өөр дээрээ ч тавиасай

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Н.Учралыг парламентын спикерээс буутал нь чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц байр сууриа илэрхийлжээ.


Тэрбээр "АН-ын бүлгийн гишүүд Н.Учралыг намын даргаа эсвэл УИХ-ын даргаа өг гэдэг шаардлага тавьсан. Чуулганы нэгдсэн хуралдааныг аливаа нэг намын дарга удирдаж болохгүй гэх байр суурь илэрхийлсэн. Гэхдээ өөр шалтгаантай гэж бодож байна. АН дотоод сонгуулиа хийгээд бүгд завгүй, ямар нэгэн шалтгаан хэлэх шаардлагатай болсон байх.

УИХ-ын дарга Н.Учралыг намын даргын хувьд Ерөнхий сайд байх ёстой гэсэн байр суурьтай байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон МАН-ын XXXI Их хурлын үеэр намын дарга Ерөнхий сайд байна гэсэн зүйл заалтыг тусгах санал гаргаад дэмжигдээгүй. Аливаа нэг намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг зарчмыг зөв гэж боддог. 

Гэхдээ АН-ын зүгээс чуулганы хуралд суухгүй гэж байгаа нь эс үйлдэхүй буюу залхуурал юм. Чуулган хуралдах хэрэгтэй байна. Гишүүд татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг учраас ажилдаа ирэх ёстой. Тодорхой нэг байр сууриар ирцдээ орохгүй байгаа хүмүүсийг чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдаанд суух ёстой. 

Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө парламентын засаглал дээр тогтож ирсэн. Ёс зүйн асуудлыг хуульчилбал коммунизм эргэж ирнэ. Гэмт хэрэгт холбогдсон юм уу, хууль зөрчсөн асуудлыг одоогийн хуулиар Ерөнхий прокурор санал гаргаснаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг. Ёс зүйг яаж хэмжих вэ гэдэг чинь нийгэм, цаг хугацаа, хүнээсээ, намаасаа хамаараад өөр. Ёс зүйгээр хэмждэг улс нь Хойд Солонгос.

Б.Энхбаяр сайдын хувьд өмнө нь бусад сайд, гишүүнд тавьдаг байсан зарчмын шаардлагаа өөр дээрээ ч гэсэн тавиасай" гэжээ.