Н.Учралын “ГЭРИЙН ДААЛГАВАР”

Тэр Байнгын хорооны дарга байхдаа Монгол Улс “Цахим үндэстэн” болох “И Монголиа” системийг нэвтрүүлж байлаа. Салбарын сайд болсныхоо дараа “Шил” ажиллагааг гардан хэрэгжүүлж, Засгийн газрын тусгай сангууд, Боловсролын сангийн зээл, нийслэлийн болон Дархан цаазат Богд хан ууланд олгосон газар олголтын мэдээллийг мөнгөн дүн, гарын үсэг бүхий захирамж, мөнгөн дүн, нэр устай нь буюу бүрэн зураглалаар нь нээлттэй байршуулж “бөмбөг тэсэлж” байв.

2024 оны сонгуулийн дараа МАН, АН, ХҮН-ын хамтарсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг байгуулахад “гал тогоо”-г зангидах эзэгтэйн үүргийг түүнд ногдуулснаар Төрийн өмчит компаниудад хамаарах асуудлыг барьж авч бас хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг ахалсан түүхтэй.

Угаас УИХ-ын гишүүн байх үеэсээ ашигтай гэхээсээ алдагдалтай ажиллаж ирсэн ТӨК-уудыг цэгцэлж, нэгтгэхийг нь нэгтгэж, татан буулгахыг нь татан талаар байр суурь илэрхийлж ирсэн түүнд бодлогын түвшинд шийдвэр гаргах нь тийм асуудал биш байв. Оюу Толгойгоос хойшхи “Гуравдагч хөрш”-ийн хоёр дахь томоохон хөрөнгө оруулалт болох Ураны гэрээг ч урагшлуулж амжсан.

Удаахь Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд, удалгүй УИХ-ын дарга дэвшихдээ “Чөлөөлье санаачилга” хэрэгжүүлэхээ тунхаглаж хуулиас давсан журмыг цэгцэлж, төдийгөөс өдий хүртэл Төрд бугшсан хүнд суртлыг халах реформыг эхлүүлсэн нь саяхан. 

Харин өнөөдөр эрх баригч намын дарга төдийгүй Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд гэсэн хоёр ч нөлөө бүхий албан тушаалыг хавсран ажиллахаар боллоо. Улстөрч хүний хүрч болох хамгийн өндөр оргил мөн үү, мөн. Гагцхүү Ойрх Дорнодод дэгдсэн дайны улмаас эрчим хүч, газрын тосны үнийн өсөлт, хомсдол, тээвэр логистикийн хямрал, гадаад худалдааны гацаа саад дэлхийн эдийн засгийн судсыг боомилж, агшааж эхэлсэн энэ цагт гүйцэтгэх засаглалын тэргүүний албанд буйр сэлгэсэн түүнийг хүнд үеийн Ерөнхий сайд гэдэг тодотгол нь сүүдэр мэт дагах нь.

Хойд хөршөөсөө түлш, шатахуун бараг 100 хувь хараат Монгол Улсын хувьд Москва найтаах төдийд ханиад хүрэх хэмжээний хамааралтай орон. Шатахууны нийлүүлэлт тасалдаж, үнийн хэлбэлзэл үүсэх нь талх, гурил, мах, сүү тэргүүтэй дотоодын үйлдвэрлэлийн үндсэн орцод шууд нөлөөлдөг учраас аль болох ам хэлээ ололцож, тогтвортой хангах нь үе үеийн Засгийн газрын нэн тэргүүний бодлого байв. Харин өнөөдөр ОХУ, Украин болон Ойрх Дорнодод дэгдсэн дайны нөлөө шатахуун түлшний нийлүүлэлт төдийгүй эрчим хүчний хямрал руу хөтөлж эхэлсэн нь Монгол шиг эмзэг эдийн засагтай улсад хэрхэн мэдрэгдэх нь цаг хугацааны асуудал юм.

Гээд зүгээр хараад, гар хумхиад суух нь УИХ, Засгийн газар, шинэ Ерөнхий сайдын үүрэг биш. Аль болох богино хугацаанд хэрхэн эдийн засгийн хохирол багатай даван туулах бодлого боловсруулж, хямралыг сөрөх нь Төрийн, түүнийг төлөөлдөг улстөрчдийн үүрэг. Тэр тусмаа хамгийн хүнд ачаа нь 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын нуруун дээр хүссэн ч, эс хүссэн ч бууж таарна. Хаврын тариалалт, бүтээн байгуулалтын улирал ч эхэллээ. Харин бид ямар бодлого боловсруулж, үүрэг, хариуцлагаа ухамсарлах вэ?

Н.Учрал Ерөнхий сайдын тамга атгахдаа хэд хэдэн зарчим баримтлахаа маш тодорхой хэлнэ лээ. Эрх ашгийн эрэмбэ, бие биеэ ялах гэж мөчөөрхөх бус үндэстний эрх ашгийн төлөө ажиллахыг уриалав. ОХУ-тай бүх талын байнгын идэвхтэй яриа хэлцэл, холбоо харилцаатай байж, нөөц хангамж тасалдал хомсдохгүй байхын төлөө ажиллахаа мэдэгдэв.

УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо Ерөнхий сайдын хувиар ажил хэрэг болгохоо илэрхийлэв. Байгалийн баялгаа илүү үнэ цэн, өртөг ашиг нэмж, үйлдвэрлэн боловсруулж, түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөх нь бидний гэрийн даалгавар гэдгийг шулуухан хэллээ.

Үндсэндээ гадаад нөхцөл байдлаас үл хамаарах байдлаар дотоодын уур амьсгалаа зөөлрүүлэх чиглэл баримтлах нь Ерөнхий сайдын нэн тэргүүнд хийх ажил бололтой. Үүгээр зогсохгүй Төрийн өмчит компаниудыг олон нийтийнх болгож, нэгтгэн нийлүүлж, татан буулгах замаар төсвийн хэт тэлэлтийг хязгаарлаж, хувийн хэвшил рүүгээ чиглэсэн орон зайг бий болгох байр сууриа бодлого болгох боломж нь одоо түүнд ирлээ. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчит компаниудтай холбоотой дуусдаггүй яриа Н.Учралын үед дуусгавар болж мэдэх нь.

Хоёрдугаарт, “Ид шид амлахгүй, эдийн засгийн гайхамшиг бүтээнэ гэж хэлэхгүй. Үнэнийг үнэнээр нь хэлнэ” гэж хэлсэн бараг анхны Ерөнхий сайд нь тэр боллоо. Гадаад ертөнцөд үүссэн нөхцөл байдал Монголоос хамаарахгүй нь үнэн ч дотооддоо үүссэн хямралыг бид өөрсдөө л засч, сайжруулах нь туйлын үнэн. Унавал хамт унадаг, гацвал бүгдээрээ гацдаг, зогсоовол бүхнийг зогсоох ёстой юм шиг ойлголтыг өөрчлөхгүйгээр, өөрсдөөсөө хамаарахаа хийх нь бидний үүрэг. Хийх ч ёстой. Гагцхүү 1990 оноос хойш эмхлэн байгуулсан Засгийн газрын тэргүүнүүдээс хамгийн залуу гурав дахь Ерөнхий сайдаар тодорсон Н.Учрал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны индрээс “гэрийн даалгавар”-аа ийн тодорхойлсон юм.

  • Европ, Азийн банкуудыг Монголд урих нэгэнт эхэлсэн яриа хэлцлүүд бол хямд өртөгтэй зээлийн эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнд өндөр хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх замын эхлэл байлаа. Монгол бол дэлхийн газрын зураг дээр гадаадын банкгүй гарын таван хуруунд багтах цөөхөн улсын нэг. Зах зээл дэх цөөн тоглогчийн үгсэл тохирол, ашиг сонирхол, хууль, журмаар тавьсан хиймэл зохиомол саадыг арилгаж, чөлөөт өрсөлдөөний үр дүнд хөрөнгө оруулалт, санхүүгийн хүртээмж нэмэгдэж, эх үүсвэрийн өртөг буурна.
  • Бизнес эрхлэх эрх чөлөө, хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрэм, журам гаргахыг таслан зогсооно. Төрийн бүх шатанд бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж буй шийдвэрүүдийг цуцалж, “No surprise” зарчим буюу төр гэнэтийн бэлэг барьж бизнесийн орчинд садаа тотгор үүсгэхийг хориглоно.
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүх аймгууд бие даан төсөл хэрэгжүүлэх эрх чөлөөг эдэлнэ. Сайд, агентлагийн дарга нарын олгодог илүүц шаардлагагүй зөвшөөрлүүдийг цуцална. АМНАТ-ийн орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг 10 хувийг 20 хувь болгож 2 дахин нэмэх эрх зүйн орчныг бүрдүүлж хэрэгжүүлнэ. Баялгаа ашиглуулж байгаа аймаг, орон нутаг өгөөжийг нь илүү хүртэж, зарим зардлаа өөрсдөө санхүүжүүлдэг байх чиг үүргийг шилжүүлэн өгнө.
  • Өмнөх Засгийн газруудын үед эхлүүлсэн, импортыг орлож, экспортыг нэмэх, гэрэл асааж, үнэ цэн, өртөг ашиг бүтээх, эдийн засгийн тусгаар тогтнолыг гагнаж босгох Газрын тос боловсруулах үйлдвэр, Гангийн үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Гангийн үйлдвэр, Зэс хайлуулах цогцолборын төслүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
  • Бид "Оюуны дайжилт"-ыг зогсоож, дэлхийн түвшинд хүрсэн монгол залуусаа эх орондоо авчрах, эх орондоо дэлхийн боловсрол эзэмших боломжийг нээх ёстой. Бид гадагшаа урсаж буй эрдэм оюуныг (Brain Drain), эх орондоо цугларах оюуны нөөц (Brain Gain) болгон хувиргах болно.
  • 3х100 хөтөлбөрийн нэг салаа шугам нь өргөн уудам нутагтаа өмнөөс умард, баруунаас зүүн, гол замууд дагуу “100 мянган цахилгаан тээврийн хэрэгсэл түргэн цэнэглэх дэд бүтэц”-ийн өртөө байгуулах санаачилга юм. 100 ширхэг түргэн цэнэглэх өртөө байгуулах санаачилгыг үндэсний компаниудтай хамт хэрэгжүүлнэ.
  • Авлигаар олсон мөнгө, үндэслэлгүй хөрөнгө орлогыг олон нийтийн шууд хараа хяналтын дор хураан авах, худалдан борлуулах, эрүүл мэнд, боловсрол, эмнэлэг сургуульд зарцуулах ил тод тайлагнал бүхий хуулийн өөрчлөлт, зохицуулалтыг Засгийн газрын тэргүүний хувьд манлайлж, санаачилсан гишүүдтэй нягт хамтран ажиллана.
  • Суудал шийдэл ярьдаг бус асуудал шийдэл ярьдаг, сандал ширээ булаалддаг бус санал шийдлээ уралдуулдаг бүтээлч Монголыг бүтээцгээе. Эргэх холбоотой, иргэндээ ойрхон, энгийн даруу ажиллах болно.

Эндээс ганц л зүйлийг харж бас хүлээж болохоор байна. Тэр нь Н.Учралыг Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд гадаадын банкийг Монголд оруулж ирэх юм байна, дагаад зээлийн хүүг бууруулах юм байна. Хуулиас давсан журмуудыг цэгцэлж, Төр бизнес эрхлэгч, хувийн хэвшлүүддээ "гэнэтийн бэлэг" барихыг хориглох юм байна.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэх юм байна, түүгээр үндэслэлгүй хөлжсөн хүмүүсийн хөрөнгийг хурааж, эрүүл мэнд, боловсрол, эмнэлэг, сургуульд зарцуулах юм байна. Үе үеийн Засгийн газрын үед урагшлуулах гээд чадаагүй бүр бараагүй эрчим хүч, хүнд үйлдвэрлэлийн мега төслүүд хөдлөх нь. Эцсийн дүндээ суудал шийдэл, сандал ширээ булаацалддаг байдал энэ Засгийн газрын үед гарахгүй нь. Хамгийн гол нь, "Эргэх холбоотой, иргэндээ ойрхон, энгийн даруу ажиллах болно" хэмээсэн нь Ерөнхий сайд Н.Учралын "гэрийн даалгавар" хамгийн энгийн бөгөөд чухал агуулга байлаа.

Г.Эрхэс