У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Сурагчид төлбөрөө төлж, сурах бичгээ ашиглаад буцаагаад номын сандаа тушаана
Хичээлийн шинэ жил хэд хоногийн дараа эхэлнэ. Эл байдалтай холбогдуулан БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг цэцэрлэгийн бүртгэл болон сурах бичгийн талаар мэдээлэл өгсөн юм. Өнгөрсөн жилүүдэд ЕБС-ийн сурах бичиг хэвлэлтийн хөрөнгө оруулалт байхгүй гэх шалтгаанаас багагүй хугацаанд сурагчид сурах бичиггүй хичээллэж байсан. Энэ талаар Сайд Ё.Баатарбилэг “Азийн Хөгжлийн Банктай энэ оны дөрөвдүгээр сараас хэлэлцсээр сая наймдугаар сард эцэслэн шийдвэрлэж тус байгууллагын хөрөнгө оруулалтаар сурах бичгийг хэвлүүлж байна.
Ирэх есдүгээр сарын эхээр хэвлэлтээс гаргангуут нийслэл болон орон нутгийн сургуулиудад хүргэнэ. Харин Монгол ёс хүмүүжлийн сурах бичигт төсөв байхгүй ч өөр бусад санхүүжилтээр хэвлүүлэхээр ажиллаж байна. Эхний хэвлэлтийн номнууд нь есдүгээр сардаа багтаад бүх сургуульдаа хүргэгдээд оччихно. Өмнө нь багш нар дундаа нэг номтой гэх мэт асуудлууд байсан бол энэ жил багшийн номыг хангалттай хэвлэж өгнө” гэсэн юм.
2019 оны нэгдүгээр улиралд сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 98 дугаар тогтоол гарсан. Тогтоолтой холбоотойгоор БСШУС-ын сайдын Дунд, ахлах ангийн сурах бичгийг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам гаргажээ.
Журамд зааснаар зах зээл дээр сурах бичиг худалдаалахгүй. Шууд сургуулиудад хүүхдийн тоогоор ном хүргүүлнэ. Сурагчид төлбөрөө төлж, сурах бичгээ ашиглаад буцаагаад номын сандаа тушаах юм. Төрөөс бага ангийнхны сурах бичгийг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд үнэ төлбөргүй сурах бичиг ашиглах зардлыг хариуцах юм байна.