Б.Батдаваа: Үндэсний хэмжээнд өгөгдлийн засаглал, экосистемийг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
Танхимын хуулийг дэмжсэнгүй
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нараас 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжиллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Д.Энхтүвшин гишүүн танилцуулахдаа, аж ахуйн нэгж, байгууллагуудын худалдаа, үйлдвэрлэлийг дэмжиж, нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд баталснаас хойш нэр томьёог өөрчлөх болон найруулгын шинжтэй нэмэлт, өөрчлөлт 4 удаа орсон. Хууль хэрэгжиж эхэлснээс хойших 30 жилийн хугацаанд манай улсын эдийн засаг, хууль эрх зүй, бизнесийн орчин, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, засаглал, хэлбэрт томоохон өөрчлөлтүүд гарсан. Тухайлбал, тэр цагаас хойш дотоодын нийт бүтээгдэхүүн 138.2 дахин тэлж, 263.4 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс 116.8 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээрийн 70 гаруй хувь нь нийслэлд төвлөрдөг.
Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг 26 жилийн дараа хийхэд танхимын эрх зүйн орчин сул, төрөөс эдийн засгийн бодлого боловсруулахад танхимын оролцох оролцоо тодорхойгүй, 21 аймгийн салбар танхимууд бие даан үйл ажиллагаа явуулах чадамжгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, тогтолцоо, гишүүнчлэл, санхүүжилт, зорилт, чиг үүргийг өнөөгийн эдийн засаг, бизнесийн нөхцөл байдалд уялдуулан өөрчлөх шаардлагатай. Олон улсын жишиг тогтсон, зохион байгуулалт, бүтэц бүхий танхимын үйл ажиллагаа улсын хэмжээнд хэрэгжиж, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг онцлогтойг харгалзан эдийн засгийн үйл ажиллагааны салбар бүрд нэг танхим, мөн аймаг, нийслэлийн танхим байгуулахаар төсөлд тусгасан. Ингэснээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааныхаа чиглэлд хамаарах салбар танхимд нэгдэж, асуудлаа шийдвэрлэхэд төрийн болон бусад байгууллагуудтай хамтрах, дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ. Мөн нэг Үндэсний танхимтай байх бөгөөд энэ танхим нь хууль, эсхүл Засгийн газрын шийдвэрээр шилжүүлсэн төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж болохоор төсөлд оруулсан.
Найман бүлэг, 29 зүйл бүхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, зохион байгуулалт, бүрэн эрх тодорхой болж, жижиг, дунд бизнес эрхлэгч нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хамтын удирдлагын байгууллагаар дамжуулан дуу хоолойгоо хүргэх боломж, бололцоо нэмэгдэнэ. Мөн дундын шийдэл, шийдвэрт хүрэх тогтвортой нэгдсэн бүтэц бий болно. Аж ахуй эрхлэгчдийн хооронд үүссэн маргааныг заавал шүүхээр шийдүүлэх бус эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтай шийдүүлж, иргэний хэргийн шүүхийн ачаалал буурах зэрэг олон эерэг нөлөөтэй. Хуулийн төсөлд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааг улс төрөөс ангид, хараат бус байх зохицуулалтыг тусгасан хэмээн танилцууллаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Г.Уянгахишиг, С.Эрдэнэбат, Б.Заяабал, О.Батнайрамдал, Г.Очирбат, Б.Жаргалан, М.Мандхай нар асуулт асууж, үг хэллээ. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлахгүй байх, хэт нэг талд эрх мэдэл олгож монополь байдал бий болгохоос зайлсхийх, улс төрөөс хараат бус байлгах, нийтлэг эрх ашгийг чухалчлах шаардлагатай гэсэн байр суурийг тэд илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Г.Очирбат, Б.Жаргалан, М.Мандхай нар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар байр суурь илэрхийлж үг хэллээ. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг санал хураалтаар шийдвэрлэхэд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.