Н.Учрал: Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг бодит үр дүнтэй хэрэгжүүл
Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг сонгов
Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.2-т “Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэж Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30.1-т СЕХ-ны гишүүний албан тушаалд томилуулахаар УИХ-д санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсголыг хийхээр тус тус заасан гэдгийг хуралдаан даргалагч тодотгоод, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэнгийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр, Д.Даваа-Очир, Э.Түвшинжаргал нарын бүрэн эрхийн хугацаа 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус тус дуусгавар болсон тул СЕХ-ны гишүүний албан тушаал нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан хэмээн танилцууллаа.
Уг тогтоолын төсөлд СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч Д.Баяндүүрэн, Ж.Бямбадулам, Д.Даваа-Очир нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхланг сонгохоор тусгажээ.
Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсголыг 50-иас доош насны хүнээр даргалуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоох тухай асуудал яригдаж байгаа энэ цаг үед сонгуулийн төв байгууллагын гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсголыг Ерөнхийлөгчийн сонгуульд горилох шалгуур хангасан хүн удирдах нь зохисгүй гэсэн гишүүдийн саналыг хүлээн авч тогтоолын төсөлд өөрчлөлт оруулан сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг сонгохоор тусгав.
Энэхүү тогтоолын төсгийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа.