Н.Учрал: Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг бодит үр дүнтэй хэрэгжүүл
Н.Батсүмбэрэл: Морин хуур нь эдийн засаг, ахуй соёлын онцгой нэгэн өв соёл
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Хуулийн төслийг Н.Батсүмбэрэл нарын УИХ-ын 9 гишүүн 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл танилцууллаа.
Монгол түмний олон мянган жилийн түүхт нүүдлийн соёл иргэншил нь байгаль эхтэйгээ хүйн холбоотой оршин тогтнож, биет болон биет бус соёлын өвөөрөө дэлхийн соёл иргэншлийн санд онцгой байр суурийг эзэлсээр ирсэн түүхэн уламжлалтай билээ.
Энэхүү баялаг өвийн цөм, үндэстний оюун санаа, оршин тогтнохуйн дархлааг тодорхойлогч хоёр чухал үнэт зүйл нь хосгүй гайхамшигт морин хуур хөгжим болон говь талын тэсвэр хатуужлын бэлгэдэл болсон монгол тэмээ юм гэлээ.
Морин хуур нь монгол хүний дотоод сэтгэлгээ, гоо зүйн дээд илэрхийлэл болж, ардын урлаг, туульс, уртын дууны салшгүй ай сав болон төлөвшсөөр хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдэж, Монгол Улсын төрийн бодлогын түвшинд үндэсний хөгжмийн зэмсгээр тунхаглагдсан бахархалт өв бол монгол тэмээ нь эх орны маань эрс тэс уур амьсгалд зохицсон, нүүдэлчдийн аж амьдрал, уламжлалт мал аж ахуйн тулгуур төдийгүй эдийн засаг, ахуй соёлын онцгой нэгэн өв соёл болсоор ирсэн байна хэмээн танилцуулгадаа тодотгов.
Гэвч өнөөгийн хурдацтай даяаршил, хотжилт, мэдээллийн эрин үед уламжлалт өв соёлын амьд дамжуулалт саарах, залуу хойч үе үндэсний өв соёлоосоо алсрах эрсдэл бий болж байна хэмээн төсөл санаачлагч танилцуулсан. Тэрбээр өнөөдрийг хүртэл эдгээр өв соёлыг хамгаалах, сурталчлах ажил нь салбар хоорондын уялдаа сул, төсөл, хөтөлбөрийн шинжтэй, салангид байдлаар зохион байгуулагдаж ирсэн бөгөөд нийт улс үндэстний хэмжээнд тогтмол, системтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт дутмаг байгаа нь хийгдсэн судалгаагаар тодорхой харагдлаа гэв.
Иймд төрөөс үндэсний өв соёлоо хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх бодлогын механизмыг бэхжүүлэх зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Уг хуулийн төслөөр жил бүрийн 1 дүгээр сарын 24-ний өдрийг “Монгол тэмээний өдөр”, 6 дугаар сарын 7-ны өдрийг “Морин хуурын өдөр” болгон тогтоож, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрийн ангилалд хамааруулахаар тусгасан байна.
Энэхүү зохицуулалт нь хуулийн дагуу бүх нийтээр амрах өдөр биш бөгөөд үндэсний хэмжээнд соёл урлаг, эрдэм шинжилгээ, өв соёлыг өвлүүлэн сурталчлах арга хэмжээг нэгдсэн бодлоготойгоор зохион байгуулах эрх зүйн баталгаа болно гэж үзжээ.
Хуулийн төслийн үр нөлөө, хэрэгцээ шаардлагын урьдчилсан тандан судалгаагаар уг нэмэлт нь нийгэм, эдийн засаг, хүний эрхэд ямар нэгэн сөрөг үр дагавар үүсгэхгүй. Харин иргэдийн соёлын эрхийг хангах, үндэсний эв нэгдэл, эх оронч үзэл, соёлын дархлааг бэхжүүлэхээс гадна орон нутгийн бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал, эдийн засгийн эргэлтийг идэвхжүүлэх бодит ач холбогдолтой хэмээн тайлбарлав.
Түүнчлэн уг зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй холбогдон төрийн шинэ бүтэц, орон тоо бий болгох шаардлагагүй бөгөөд улсын төсөвт нэмэлт ачаалал, зардал үүсгэхгүйгээр соёл, боловсролын холбогдох байгууллагуудын батлагдсан үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж тооцсон байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.