Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх чиглэлээр хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгов
Б.Пүрэвдорж нарын гишүүний төслөөс завсарлага авлаа
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын таван гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж танилцуулгадаа, уг хууль нь анх аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг бүртгэхэд чиглэсэн татвар байсан. Гэвч өнөөдрийн байдлаар нийт татвар хураамжийн 20 хувьд хүрэхээр иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр дарамт болж хувирсан гэдгийг онцлов. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийтдээ 270 мянган аж ахуйн нэгж байгаагийн 116 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс 80 мянга орчим аж ахуйн нэгж нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн боловч 50 сая төгрөгийн хязгаараас шалтгаалж ихэнх нь татвараа төлдөггүй гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдаад татварын хувь, хэмжээ өндөр байгаа учраас бараа бүтээгдэхүүнээ хууль ёсны дагуу бүртгүүлэн үйл ажиллагаа явуулахгүй байна гэж байлаа. Мөн татварын хувь, хэмжээг 5.0 хувь болгон бууруулан буцаан олголт нь 2 хувь болгож, үндсэндээ 3 хувийн татвар төлөхөөр болбол татварын бааз суурь өргөжинө гэв.
Хуулийн төсөл батлагдсанаар татварын орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болохоос гадна татвар төлөгчдийн бааз нэмэгдсэнээр эдийн засагт эерэг нөхцөл байдал бий болно. Мөн улсын төсөвт орох татварын орлого нэмэгдэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Г.Ганбаатар, Ж.Батжаргал нар санал хэлэв. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийг 5 болгох ганцхан зохицуулалттай хуулийн төслийг сайтар нягталж, судалж үзээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хуулийн төслүүдтэй хамтатган хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хэлэв. Мөн тэрбээр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс уг асуудлаар дөрөв хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж буйг мэдэгдэхэд, хуралдаан даргалагч зөвшөөрлөө.