З.Мэндсайхан: Хуульд өөр төсөл нэмж тусгах, төслийн нэр өөрчлөхийг хориглосон
Төрийн дэмжлэгт хамрагдаж чадахгүй байгаа асуудлыг шийдвэрлэнэ
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нарын санаачлан боловсруулж, 2025 оны зургадугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн анхны хэлэлцүүлгийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаараа явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавигддаг “1 нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасах нь зөвхөн хүн амын өсөлтийг дэмжих бодлогын асуудал бус, мөн хүүхэд төрүүлсэн эхчүүд болон хүүхдүүдийг нөхцөл байдлаар нь ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулах, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрч, олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах болон амьдралын нөхцөл байдал, эрүүл мэндийн эрсдэл, хүүхдийн эндэгдэл зэрэг эмзэг асуудлын улмаас зарим эхчүүдийн төрийн дэмжлэгт хамрагдаж чадахгүй байгаа асуудлыг шийдвэрлэнэ гэж үзсэн байна.
Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хууль нөхөн үйлчлэхгүй байх эрх зүйн нийтлэг зарчим алдагдахгүй байх, нийгэмд буруу хүлээлт үүсгэхгүй байхад онцгой анхаарах, “Эхийн алдар” одонтой холбоотойгоор хүүхэд төрүүлсний дараа үрчлүүлэх, асрамжийн газарт өгөх зэрэг асуудалд бодлогын түвшинд анхаарахын зэрэгцээ нярайн болон бага насны хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилгоор төрөөс нярайн сувиллын үйлчилгээг дэмжих шаардлагатайг хэлж, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, Ө.Шижир, Б.Баярмагнай, Н.Алтаншагай, М.Бадамсүрэн, Р.Сэддорж, С.Зулпхар, Ч.Лодойсамбуу, Д.Жаргалсайхан нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан хуулийн төсөлд Сангийн яамнаас “дэмжихгүй” гэсэн санал өгснийг дурдаад, улсын төсөвт ямар хэмжээний дарамт ирэх талаар асууж, хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагаас тодорхой хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир хуулийг хэрэгжүүлэхэд жилд 7.0 тэрбум төгрөг нэмж шаардагдана гэдэг асар хүнд дарамт биш гэж үзэж байгаагаа илэрхийлж, хүүхдэд зориулагдсан бүхий л зүйлсийг устгаж дууссан энэ үед эхийн урамшууллыг шалгуур, нөхцөлгүй болгох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын дарга, гишүүд эх, хүүхдийг дэмжих, халамжлах, хүн амыг өсгөх, малчин гэр бүлийн бүтцийг хамгаалах, хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах, зэрэг төрийн бодлогыг өргөжүүлэхэд анхаарал хандуулах цаг болсныг дурдав.