С.Бямбацогт: Донор гишүүдэдээ нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье

 Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Пүрэв гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулсан юм. Гишүүд саналын томьёолол тус бүрийг дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Цусны донорын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг мөн өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн юм. Пүрэв гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсний дараа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт дараах мэдээллийг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Нэг хүний хандивласан цус гурван хүний амийг авардаг гэсэн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байдаг бөгөөд Монгол Улсын хэмжээнд 210 мянган донор тогтмол цусаа хандивладаг байна. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хариу нэхэлгүй, сайхан сэтгэлийн үндсэн дээр хүний алтан амийг аврах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, цусаа хандивладаг иргэдээ алдаршуулах, сайн дураараа цусаа хандивлах донорын эгнээг өргөжүүлэх үйлийг бодитоор дэмжих ач холбогдол бүхий төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн болохыг С.Бямбацогт дарга тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Батжаргал, М.Ганхүлэг, С.Эрдэнэбат, Г.Хосбаяр, У.Отгонбаяр, Л.Соронзонболд, Г.Тэмүүлэн нар тогтмол цусаа хандивладаг болохыг танилцуулаад “Хамгийн бага нь 10, хамгийн их нь 50 удаа бас цусаа хандивлаж, эрдэнэт хүний амь аврах үйлсэд манай гишүүд нэгдсэн байгаа. Донор гишүүдэдээ нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье” хэмээсэн.

Цусны донорын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг ийн хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.