"Ажлын хэсэг гурван удаа хуралдсан"

 Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.

Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, тус Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 22 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын ИХ Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, С.Замира, С.Лүндэг, Н.Наранбаатар, Р.Сэддорж нар ажилласныг дурдлаа.

Энэ хугацаанд ажлын хэсэг гурван удаа, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх баг есөн удаа хуралдаж, уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх нийт 26 зарчмын зөрүүтэй санал, Хөгжлийн бодлого төлөвлөлт  түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан бэлтгэснийг онцлов.

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд газар зүйн байршил, экологийн онцлог, дэд бүтцийн хөгжил, хүн амын нягтрал болон биологийн бусад нөөц зах зээлийн эргэлтэд тулгуурлан төрөлжүүлэн хөгжүүлэх,

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд чанараас хамаарсан үнийн тогтолцоог бүрдүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүний нөөцийн бодлого, судалгаа, хөгжлийг төлөвшүүлэх,

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид хөрөнгө оруулагчдыг дэмжих чиглэл, шалгуурыг тогтоох, бүртгэл, хяналтын нэгдсэн сүлжээг бий болгох,

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэх төрийн бодлогын удирдлагын тогтолцооны цар хүрээг тогтоож бүртгэл хяналтын нэгдсэн цахим систем бий болгох харилцааг зохицуулах,

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд холбогдох зохистой дадал, стандарт, техникийн зохицуулалтыг мөрдөх шаардлагыг хангуулах, чанартай уялдсан үнийн тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн төрийн дэмжлэг олгох,

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрэлт, нийлүүлэлт, нөөц, ашиглалт, бүтээмжид дүн шинжилгээ хийх түүнд суурилсан тогтвортой хөгжүүлэх зорилт хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд уг зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган хэрэгжилтийг зохион байгуулагчид зарчмын шинж чанартай зохицуулалтуудыг тусгасан гэж байв.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсгээс бэлтгэсэн төслийн талаарх 26 зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.