Д.Цогтбаатар: Цэцийн дарга бол Монгол Улсын өндөр албан тушаалтан

Цахим гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан болон бусад асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа.


-Цахим гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан хятадын иргэдэд виз олгохдоо наймаалцсан гэх асуудал яригдаж байна?

-Бид хоёр, гурван сарын өмнөөс судалгааны ажил эхлүүлсэн. Дахин ийм эрсдэл гаргахгүйн тулд Консулын газар ажилладаг хүмүүсийг сэлгэж, томилох бодлого явуулж байна. Учир нь олон жил ажилласан хүмүүс энд тэнд танил талтай болсон байх эрсдэлтэй байна. Тухайн үед виз олгоход бүх шалгуур үзүүлэлт нь бүрдэж олгогдсон гэсэн үг. Монголын талаас тухайн компаниудыг шууд хар жагсаалтад оруулна. Өөрөөр хэлбэл, уг асуудалд оролцсон компаниуд дахин виз, мэдүүлж авах боломжгүй болно.

Түүнчлэн бид удахгүй интернэтээр виз мэдүүлдэг систем руу шилжинэ. Интернэтээр виз мэдүүлэхэд энэ шалгуур үзүүлэлтээр зөв шалгадаг найдьартай тогтолцоог бүрдүүлэх ётсой. Гэвч нөгөө л нэг тендерийн маргаанаас үүдэн уг ажил түр гацчихсан байна.

-Гишүүн Ж.Батзандангийн ах тус Консулын газар ажиллаж байгаа. Иргэдэд виз дуртай үедээ гаргаж, дургүй үедээ гаргаж өгдөггүй гэх асуудал яригдаж байна?

-Энэ олон визэд баримт бичгийн бүрдлийн алдаа дутагдал гарна шүү дээ. Хөх хотын Консулын газрын хоёрдугаар хүн нь манай системд ажиллаж байсан хүн байгаа. Харин гурав дахь хүн нь та бүгдийн ярьсан хүн бий. Энэ хүн өмнө нь Эрээний Консулын газарт ажиллаж байхдаа ямар нэгэн зөрчил гаргаагүй.

-Бүлгийн хурлаар зарим элчин сайдуудыг томилох асуудал яригдсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Нэр дэвшсэн Элчин сайдуудыг дэмжсэн. Өөрөөр хэлбэл, нэг хэцүү давааг давж байна. Зургаан элчин сайдын асуудлаар УИХ-д өргөн барилаа.

-Өнгөрсөн тавдугаар сард зарим элчин сайдуудыг томилох асуудлыг оруулсан. Энэ удаад зарим нэр дэвшигчдийн нэрс нь байхгүй байна л даа?

-Цувуулж оруулахаар ярьж байна. Тухайн нэр дэвшигчид эргэлзээтэй байгаа бол шалгалт хийх зэрэг судалгаа хийж байгаа байх. Хамгийн гол нь эргэлзээгүй байгаа хүмүүсээ түрүүлж оруулах асуудал яригдаж байгаа юм.

-Хөх хотын Консулын газар зөвхөн аравдугаар сард гэхэд 600 гаруй виз олгосон гэж байна. Тус Консулын газарт өмнө нь ийм хэмжээний виз өгөх асуудал гарч байсан уу?

-Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэх зорилго тавин жуулчлалынхаа тоог хоёр сард хүргэх талаар ярьж байна. Энэ хүрээнд жилд маш олон виз олгож байна. Хятадаас орж ирж байгаа жуулчдын тооноос манай улсын БНХАУ руу гарч байгаа тоо хамаагүй их.

-Үндсэн хуулийн цэцийн даргад холбогдсон асуудлаар ямар мэдээлэл ирж байна вэ?

-Олон улсын хуулийн дагуу аливаа улсын өндөр албан тушаалтан, өндөр эрх ямбатай байдаг. Энэ нь дипломат харилцааны тухай Венийн конвенцийн харилцаагаар зохицуулагддаггүй. Олон улсын хууль болон бусад гэрээгээр зохицуулагдаж байдаг. Үндсэн хуулийн цэцийн дарга гэдэг Монгол Улсын өндөр албан тушаалтан. Тиймээс төр нь өөрөө дипломат эрх ямбаар хамгаалагдсан байдаг. Бид олон улсын хуулиа л дагана.

-Өндөр эрх ямбатай хүнийг андуураад барьсан байх боломжтой юу?

-Хил дээр яваа хүн танихгүй. Тиймээс саатуулаад асуух юм байна гэж болно. Манай улсын Консулынхны хувьд олон улсын хуулийн дагуу байгаа байдлыг хэлнэ. Олон улсын хуулиа хүндэтгээд нөгөө тал явуулсан.