Монгол Улс 00-ын стандарт баримталдаг уу

НҮБ-аас боломжит шийдлүүдийг санал болгож, шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар бүх нийтийг хангах, сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зорилгоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-ний өдрийг “Дэлхийн Жорлонгийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.


Өнөөдөр дэлхий даяар 4.2 тэрбум хүн баталгаат ариун цэврийн байгууламжгүй байгаагийн дотор нийгмийн идэвхтэй харилцаанд ордоггүй, эдийн засгийн чадамжгүй, байгаль орчны сөрөг үр дагаварын талаар мэдлэг мэдээлэлгүй эмзэг бүлгийн иргэд ариун цэврийн байгууламжаа сайжруулах аливаа боломжоос гадуурхагдан үлдэж байна.

Тогтвортой хөгжлийн зургадугаар зорилгод 2030 он гэхэд хүн бүрийг баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангаж, ил задгай бие засах явдлыг бүрэн зогсоохоор тусгагдсан бөгөөд 2019 онд эмзэг бүлгийн охид, эмэгтэйчүүдийг шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангах хэрэгцээг онцолж “Хэнийг ч үлдээхгүй” сэдвийн хүрээнд зохион байгуулна. www.worldtoiletday.info цахим хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Эрүүл ахуйн шаардлага хангасан аюулгүй ариун цэврийн байгууламжаар хангагдах нь хүний эрх бөгөөд анхдагч хэрэгцээ юм.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/834 дугаар захирамжаар нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн стандартын бус нүхэн жорлон, угаадасны нүх ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд 3852, энгийн хамгаалалтын бүсэд 18381, эрүүл ахуйн хориглолтын бүсэд 3629, нийт 25862 иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж, ашиглаж байгаа талаар судалгаа байдаг. Энэхүү хамгаалалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дийлэнх нь битүүмжлэлгүй нүхэн жорлон, угаадасны нүх ашигладаг нь усны сан бүхий газрын 28554.6 га, ус хангамжийн эх үүсвэрийн 12708.6 га газар болон Улаанбаатарчуудын ундны эх үүсвэрийг бохирдуулж байгаа нь хотын иргэн бүрийн санаа зовох асуудлын нэг болоод байгаа билээ.

Уг захирамжийн хүрээнд хориглосон бүсэд газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нүхэн жорлон, ариун цэврийн байгууламжаа “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага МNS 5924:2015 стандарт"-ын дагуу ашиглахыг шаардаж байгаа ба хориглосон бүсэд стандартын бус нүхэн жорлон, угаадасны нүх ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрын гэрчилгээ сунгах, нэр шилжүүлэх, байгалийн дагалт баялаг ашиглах эрхийн бичиг, худгийн зөвшөөрөл, байгаль орчны дүгнэлт олгох зэрэг үйлчилгээ үзүүлэхгүй байх юм.

Нийслэлийн Байгаль орчны газраас эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн талаарх ойлголт мэдлэгийг олон нийтэд хүргэх сургалтыг үе шаттайгаар жил бүр зохион байгуулдаг ба ногоон бүсийн зусланд оршин суугч иргэдэд өрхийн ариун цэврийн байгууламжаа сайжруулах боломжууд сургалтыг зохион байгуулж орчны бохирдол үүсгэхүйц загвар, байршилтай нүхэн жорлонгуудыг үе шаттай буулгуулж байна. “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага МNS 5924:2015” стандартад заасан сайжруулсан ариун цэврийн байгууламжийн шийдлүүд, байгальд ээлтэй дундын эзэмшлийн бохир зайлуулах системийн шийдлүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл тус газрын Зуслангийн товчоонд хандахыг зөвлөж байна.

"Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага МNS 5924:2015" стандарт, нүхэн жорлонгийн шийдлүүдтэй эндээс танилцах боломжтой.