Т.Ганцэцэцэг: Онц сур гэж шаардах нь хүүхдийн сэтгэлзүйд дарамт болдог

 

Хөдөлмөрийн чадвар алдахад хүргэдэг арван эмгэгийн тав нь сэтгэцийн эмгэг аж. Улсын хэмжээнд сэтгэцийн эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон 22 мянга гаруй хүн байгаагаас хурц солиоролтой, нийгэм болон орчиндоо аюултай үйлдэл хийж болзошгүй 3000 орчим нь СЭМҮТ-ийн польклиникийн хяналтад байдаг. Нийт сэтгэцийн өвчлөл дотор гэмтэл, цус харвалтын дараах байдлаас үүсэх, стрессээс шалтгаалах хүүхдийн  сэтгэцийн эмгэг нэлээд нэмэгдэх хандлагатай болжээ. Архинд донтох эмгэг их байсан бол  сүүлийн үед мансууруулах бодисын шалтгаант өвчлөлийн тоо ихссэн байна. Харин хүүхэд өсвөр үеийн бүтцийг авч үзэхэд  цахим тоглоомд донтох, архаг ядаргаа, сульдаа нэмэгдэх болжээ. Өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудал үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн талаар АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн ахлах багш, анагаах ухааны доктор Т.Ганцэцэгтэй ярилцлаа.

-Сэтгэцийн эрүүл мэнд гэдгийг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Сэтгэцийн эрүүл мэнд гэхээр шар хадны эмнэлэгт хэвтдэг галзуучууд гэж ойлгодог. Галзуу, солиоролтой хүмүүс иргэдийн маш бага, нэг хүрэхгүй хувийг эзэлдэг. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүс сэтгэцийн тулгамдсан асуудалтай буюу донтох эмгэг, архаг ядаргаа гэсэн оноштой байдаг. Эдгээр нь сэтгэцийн хамгийн хөнгөн өвчин. Хүмүүс “унтаж чадахгүй, нойр хүрэхгүй байна”, “хэт их зүүдлээд байна”, аль эсвэл “ойр ойрхон уур хүрээд байна”  гэж ярьдаг. Энэ нь тухайн хүн сэтгэцийн тулгамдсан асуудалтай, эрүүл биш гэсэн үг. Тиймээс үүнийгээ ойлгож, хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Хүн өөрийгөө ямар үед хэвийн, хэвийн бус гэдгээ мэддэг, үнэлгээ дүгнэлт өгч, улмаар хаана хандаж, ямар тусламж үйлчилгээ авах вэ гэдгээ мэддэг болох нь маш чухал.

-Улсын хэмжээнд өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ямар  түвшинд байна вэ. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар ямар дүгнэлт гараад байна вэ?

-Орон нутгийн арван аймаг, Улаанбаатар хотын долоон дүүргийн 70 орчим сургуулийн 2250 сурагчийг хамруулж улсын хэмжээний судалгааг доктор В.Баярмаа өнгөрсөн онд хийсэн байдаг. Судалгаанд хамруулсан хүүхдүүдийн 30.5 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай бол эмгэг байдал руу шилжсэн нь есөн хувьтай гэж гарсан. Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд нэлээд анхаардаг болж. Энэ судалгааны дараа Говь-Алтай аймгаас өсвөр насны хүүхдүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг үнэлүүлэх хүсэлтийг СЭМҮТ-д тавьж, судалгаа хийлгүүлсэн. Одоо Өмнөговь аймгийн өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг үнэлж байна.

-Сэтгэцийн хувьд өөрчлөлттэй гэсэн дүгнэлт гарч буй хүүхдүүдийн дийлэнхийг орон нутгийнх уу эсвэл нийслэлийнх эзэлж байна уу?

-Нэг их ялгаа байдаггүй. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хаана амьдарч байгаагаас үл хамаардаг. Гэхдээ нарийвчилж задалбал, төв суурин газрын хүүхдүүд дэлгэцэнд донтох нь их байдаг.

-Говь-Алтай аймгийн өсвөр насны хүүхдүүд сэтгэцийн хувьд ямар байна вэ?

-Тухайн аймгийн 18 сумын ерөнхий боловсролын сургуулийн 11-18 насны хүүхдүүдийг хамруулж судалгаа хийж, сэтгэл хөдлөл, зан үйлийн байдлыг үнэлсэн. Судалгаанд хамруулсан хүүхдүүдийн тухайд 50 орчим хувийг хэвийн гэж үнэлсэн.

-Хэвийн бус гэж үнэлүүлсэн хүүхдүүдийн сэтгэл зүйд ямар зүйл нөлөөлж байна вэ?

-Өсвөр насныхны сэтгэл зүйд үе тэнгийнхний дарамт шахалт, гэр орон нь шилжин суурьших, эцэг, эхийн хэрүүл маргаан, үл ойлголцол, ганцаардал дааврын өөрчлөлт зэрэг хүчин зүйл нөлөөлж буйг тогтоосон. Эдгээрээс гадна эцэг, эхчүүд “онц сур, сайхан амьдар” гэж шахах нь тэдний сэтгэл зүйд маш их дарамт болж, сөргөөр нөлөөлдөг гэж хариулсан. Эдгээр эрсдэлт хүчин зүйлс сэтгэцийн тулгамдсан асуудлыг үүсгэх эрсдэлтэй байна.

-Сэтгэцийн эмгэгтэй гэсэн оноштойгоор хэчнээн хүүхэд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байна вэ?

-СЭМҮТ-ийн хүүхдийн тасаг хэвтэн эмчлүүлэх 25-30 ортой. Тухайн тасагт энгийн болон архаг ядаргаа, сэтгэл судлалын эмгэг, өсвөр насанд тохиолдох солиорол туссан хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилдэг. Тасаг бол бүх цаг үед дүүрэн, ачаалалтай байдаг. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын үеэр бүр илүү их ачаалалтай, хүлээлт үүсдэг. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь нүдээ анивчих, хамар амаа дуугаргах зэрэг шинж тэмдэгтэй буюу архаг ядаргаатай байдаг. Энэ нь хүүхдийн сурах, гар утас, компьютер дээр тоглох, зурагт үзэх зэрэгт хяналт тавьж, ахуйн дэглэмийг нь мөрдүүлээгүйтэй холбоотой. Хүүхэд 15-20 минутаас илүү хугацаагаар зурагт үзэж, гар утас, компьютерээр тоглох ёсгүй. Хэрэв, үүнээс илүү хугацаанд суулгавал хүүхэд архаг ядаргаанд орох магадлал өндөртэй байдаг.

-Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дунд сэтгэцийн эмгэг, өсвөр насанд тохиолдох солиорол гэсэн оноштой хүүхэд хэр олон байна вэ?

-Маш цөөхөн байдаг. Сард 2-3 хүүхэд ийм оноштойгоор хэвтэн эмчлүүлдэг.

-Сэтгэцийн эмгэг, өөрчлөлтөөс үүдэн амиа хорлосон, оролдлого хийх тохиолдол хэр их гарч байна. Сэтгэцийн тулгамдсан асуудал ямар үр дагаварт хүргэх вэ?

-Хоруу чанар өндөртэй, архаг явцтайгаар үргэлжилдэг, хувь хүний амьдралын чанарыг эрс доройтуулдаг өөртөө итгэлгүй байдлыг үүсгэдэг.  ДЭМБ-аас маш олон улс оронд ерөнхий боловсролын сургуулийг түшиглэж, энэ төрлийн судалгааг нэгэн зэрэг хийсэн байдаг. Тухайн судалгаагаар 13-17 насныхны 25 хувь буюу 4-5 хүүхдийн нэг нь амиа хорлох бодолтой гэсэн бол тэдний есөн хувь нь оролдлого хийж үзсэн гэж хариулсан. Арван хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийсэн нь аюултай, олон нийтийг түгшээсэн асуудал болоод байна. Уур бухимдал, сэтгэл түгшилт, айдас, ганцаардал, ямар нэгэн зүйлийн донтолтын эцсийн үр дүн амиа хорлолт байдаг. Энэ бол сэтгэцийн тулгамдсан асуудлаа шийдэж чадахгүй, хэнд хандахаа мэдэхгүйгээс болж байна. Хэн нэгэнд сэтгэл санааны хувьд ямар нэгэн асуудал тулгамдсан тохиолдолд 108, 1800-2000 зэрэг утас руу холбогдох боломжтой.

-Эцэг, эхчүүд хүүхдээ сэтгэцийн өөрчлөлттэй гэдгийг хэрхэн анзаарч, мэдэх вэ. Хамгийн түрүүнд ямар шинж тэмдэг илрэх бол?

-Хүүхэд дуугаа хурааж, сургуульдаа явах, гэрийн даалгавраа хийх дургүй болдог. Мөн хэт түргэн ууртай болох зэрэг янз бүрийн үйлдэл гаргадаг. Үүнээс гадна байнга утас оролдож, тоглоом тоглох нь сэтгэцийн хувьд эрүүл биш, зан үйл нь өөрчлөгдөж байна л гэсэн үг.  Зарим хүүхэд сэтгэл зүйн айдас түгшүүрээ дарахын тулд утсаараа тоглоом тоглож байгаад дэлгэцэнд донтдог бол зарим  эцэг, эх хүүхдээ хэт эрхлүүлж, хүссэн болгоныг нь авч өгснөөр ийм асуудал үүсдэг. Тиймээс хүүхдийг гэрт нь эцэг,  эх нь, сургуулийн орчинд ангийн багш нар хянаж, анзаарч байх хэрэгтэй.  Тухайн хүүхдийн сэтгэцийг хэвийн биш гэж үнэлсэн л бол эцэг, эх, багш, нийгмийн ажилт, сэтгэл зүйч нар хамтарч ажиллан сэтгэцийн өөрчлөлт нь ямар түвшинд байгааг тодорхойлж, зохих арга хэмжээг авах хэрэгтэй.

-Тухайлбал, хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой байдаг вэ?

-Хүүхэдтэй ярилцах нь хамгийн чухал. Сэтгэцийн эрүүл мэндийг нь дэмжих ур чадварын ярилцлага хийж, юунаас болсон, яагаад, яасан гэдгийг илрүүлэх хэрэгтэй. Ийм арга барилд эцэг, эх, багш, нийгмийн ажилтнууд суралцсан байх ёстой. Ярилцаад сэтгэцийн эмгэгтэй гэж үзвэл мэргэжлийн хүмүүст хандах нь зүйтэй. Заавал СЭМҮТ-д очиж үзүүлэх биш, орон нутаг, дүүргийн эрүүл мэндийн төв дэх сэтгэц, донтолтын эмчид хандаж болно.

-Эцэг, эхчүүд ахуйн дэглэмийг мөрдүүлэхэд нийтлэг ямар алдаа гаргаж байна вэ?

-Хүүхдээ уйлахаар нь гар утсаа өгч чимээгүй болгодог нь маш буруу. Энэ нь хүүхдийг багаас нь гар утасны хамааралтай болгож буй явдал юм. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ удаан хугацаанд суулгаж, хичээлийг нь хийлгүүлчихээд дараа нь шууд зурагт үзүүлдэг. Зурагт үзэхэд анхаарал шаарддаг. Тиймээс үүний оронд анхаарал сарниулсан тоглох эсвэл гэрийн ажилд туслуулах ажил хийлгэх нь зүйтэй. Анхаарлаас анхаарал шаардсан зүйл нь хүүхдийн уураг тархийг илүү хурдан ядрааж, сэтгэл санааг нь хямраахад нөлөөлдөг.

-Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд холбогдох байгууллага төдийгүй хамаарал бүхий хүмүүс цаашид юунд анхаарах ёстой гэж үзэж байна вэ?

-Бүх насныхны сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл, сэтгэцийн эрүүл мэнд биеийнхээс ч илүү тэргүүлэх чиглэлд багтдаг. “Хүний сэтгэц эрүүл байснаар бие эрүүл байна” гэж үг бий. Хүн амар амгалан, тайван, уураа зөвөөр гаргаж чаддаг байвал тулгамдсан асуудлыг шийдвэрлэж,  нийгэм дэх стрессийг даван туулж чадна. Хэрэв ингэж чадахгүй бол нас ахих тусам хүндэрсээр сэтгэцийн өвчин үүсэх гол шалтгаан болдог. Иймд сургуулийн сэтгэл зүйчийн орон тоог албажуулж, тогтвортой чанартай ажиллуулах хэрэгтэй. Мөн өсвөр үеийнхэнд гэр бүл болон үе тэнгийнхний зүгээс учруулж буй таагүй сэтгэгдэл төрүүлсэн үйл явдлыг хэрхэн эерэгээр харах чадварыг эзэмшүүлэх нь зүйтэй