Б.Батцэцэг: Гадаадад хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ эрх, аюулгүй байдлыг тууштай хамгаалах үүрэгтэй

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахим хуудсаараа дамжуулан БНСУ-д ажиллаж амьдарч буй иргэдийн талаар мэдээлэл өгчээ.

Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын төр, засгийн зүгээс тус улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн хөдөлмөрлөх нөхцөл, эрх зүйн байдалд онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал, цалингаа авч чадаагүй, хууль бусаар оршин суугаа гадаад ажилчдын эрхийг хамгаалах чиглэлд бодлогын тодорхой алхмуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярьж, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бататгахын зэрэгцээ тус улсад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн.

Ерөнхийлөгч И Жэ Мён есдүгээр сарын 2-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр холбогдох байгууллагуудад тодорхой чиглэл, үүрэг өгсөн байна. Үүний дагуу дараах арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.

Үүнд:

-Цалингаа авч чадаагүй гадаад иргэдийг шууд албадан гаргахгүй байх;

-Хөдөлмөрийн маргаан үүссэн тохиолдолд тухайн иргэнийг Цагаачлалын байгууллагад заавал мэдэгдэх үүргээс чөлөөлөх;

-Цалин олгоогүй ажил олгогчдод хариуцлага тооцох, улмаар гадаад ажиллах хүч хүлээн авах эрхийг хязгаарлах зохицуулалт хийх.

Энэ бүхэн нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй манай иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлд бодит дэмжлэг болж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Бид гадаадад хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ эрх, аюулгүй байдлыг тууштай хамгаалах үүрэгтэй. Энэ хүрээнд БНСУ-ын төрийн удирдлагуудтай дипломат харилцааны бүх түвшинд идэвхтэй хамтран ажиллаж байна" гэжээ.