Гишүүн Н.Номтойбаярыг МАН-аас хөөлөө

МАН-ын Хяналтын ерөнхий хороо гишүүний ёс зүйн асуудлаар хуралдаж шийдвэр гаргажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй, зодоон цохион хийсэн асуудлыг Хяналтын ерөнхий хорооны хурлаар хэлэлцээд түүнийг намаас хөөх шийдвэр гаргажээ.

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар “Хяналтын ерөнхий хороо 14 хүний бүрэлдэхүүнтэй. Өнөөдрийн хурлаар Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Гишүүн ёс зүйгүй үйлдэл гаргасан, намын нэр хүндийг унагасан гэж үзэж Н.Номтойбаярыг МАН-аас хасах шийдвэр гаргалаа” гэсэн.

Улсын ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлсэн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар дэмжсэн байдаг. Харин Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар нууц санал хураахад түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг гишүүдийн олонхи дэмжээгүй билээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх юм.