С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ж.Нэргүй: Цэцийн үйл ажиллагаа доголдсон зүйл байхгүй
Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Нэргүйгээс Цэцийн хуралдаан яагаад хойшилсон талаар тодруулга авлаа.
-Цэцийн хуралдаан хойшлох болсонтой холбогдуулан зарим шүүмжлэл гарч байна.Энэ талаар юу хэлэх вэ?
-Үндсэн хуулийн цэц өнөөдөр хийх байсан Дунд суудлын хуралдаанаа түр хойшлуулсан. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа доголдсон зүйл байхгүй. Тасралтгүй, хэвийн үргэлжилж байгаа. Иргэдээс ирүүлж буй өргөдөл, мэдээллийг хүлээн авах, Цэцийн харьяалан шийдвэрлэх асуудал мөн эсэх, маргаан үүсгэх эсэхийг хянан шийдвэрлэх, маргаантай холбоотой лавлагаа, нотлох баримт гаргуулж авах, судалгаа хийх, бага суудлын хуралдаан хийх зэргээр маргааныг бүрэн гүйцэд, бодитой шийдвэрлэхэд шаардагдах бэлтгэл ажил цаг хугацаандаа хийгдэж байна.
-Цэцийн хуралдааны бэлтгэлийг хэр олон хүн хангадаг вэ?
-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хийдэг.Мөн хуралдааны бэлтгэл болон хэвийн ажиллагааг хангахад Цэцийн Тамгын газрын ажилтнууд өргөн оролцож байна. Түүнээс гадна маргагч талууд, Цэцийн хуралдааны явцыг мэдээлэх хэвлэл, мэдээллийн ажилтнууд болон иргэдийн төлөөлөл байлцдаг.
Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа ил тод, хуралдаан нь олон нийтэд нээлттэй болдог.Иргэд хуралдааны танхимд чөлөөтэй орж, хуралдааны ажиллагааг үзэж сонирхох, ажиглах бүрэн эрхтэй. Энэ эрхийг хязгаарлах эрх Үндсэн хуулийн цэцэд байхгүй.
Ийнхүү хуралдаанд оролцогсдыг халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Цэцийн хуралдааныг түр хойшлуулсан юм.Өөр шалтгаан байхгүй. Сонгуультай холбон УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэхгүй байх “арга саам” гэх мэтээр хардаж байгаа нь ор үндэслэлгүй юм.Цэцийнхэн хэлэлцэх асуудлынхаа “хэрүүл”-ээс эмээсэн зүйл ч байхгүй.
-Хойшлогдсон хуралдаанаар хэлэлцэх байсан асуудлыг тодруулж ярина уу?
-Цэцийн хуралдаанаар Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим заалт, тодрулбал, “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэхээр товлосон байсан.1992 оноос өмнөх буюу Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчлэхээс өмнө гарсан хэрнээ одоо хүртэл хүчинтэй байгаа зарим эрх зүйн акт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хаана, хэнд хандаж шийдвэрлүүлэх нь тодорхойгүй байна гэж нэр бүхий иргэд үзэж Цэцэд өргөдөл ирүүлсэн байна.Өргөдлийн дагуу маргаан үүсгэж хуралдааны бэлтгэл ажил бүрэн хангагдсан.
Эцэст нь хэлэхэд, Үндсэн хуулийн цэц шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар өөрийн байгууллагадаа ажилтнуудын дархлааг дэмжих, амны хаалт хэрэглэх, гар угаах зэргээр халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна.