Ц.Байгаль: Шүдний чанаргүй эмчилгээ өвчин үүсгэх эрсдэлийг бий болгодог

Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв нарийн, төрөлжсөн чиглэлээр жилд 100-120 мянга гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Гурван жил орчим хугацаанд зориулалтын бус түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан тус төв өнгөрсөн оны аравдугаар сард шинэ байрандаа нүүж орсон билээ. Энэ талаар болон бусад асуудлаар тус төвийн Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч Ц.БАЙГАЛЬТАЙ ярилцлаа.

-Танай төв түрээсийн бус зориулалтын эмнэлгийн байранд үйл ажиллагаа явуулснаас хойш ямар ахиц дэвшил гарав?

-Бидний тэргүүн зорилго эмнэлгийн зориулалттай, өөрийн гэсэн байртай болох байлаа. Энэхүү зорилгодоо өнгөрсөн онд хүрсэн. Үйлчлүүлэгчдийн олонх нь бага насныхан учраас хүүхдэд ээлтэй, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Шүдний эмчилгээнд өндөр өртөгтэй багаж тоног төхөөрөмж ашигладаг. Үүний нэг нь үзлэгийн сандал. Тиймээс бид үзлэгийн зургаан сандлаа шинэчилсний гурвыг нь хүүхдэд зориулан өөрчилсөн. Хүүхдийн анхаарлыг татаж, өвдөлтийг нь мэдрүүлэхгүй байлгах, эмчилгээнд саад учруулахгүй байх зориулалтаар шинэчилсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэхийг зорьж байна. Үүний үр дүнд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, нийслэлийн ИТХ-ын дарга О.Дагва болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлж үзлэгийн хоёр сандалтай өрөөг иж бүрэн тохижуулж өгөхөөр болсон. Энэ нь ажил хэрэг болсноор төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд илүү хүрч үйлчлэх боломжтой болох юм.

-Танай төв өдөрт хэдэн хүнд тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Ер нь улсын эмнэлгүүд ачаалал ихтэй байдаг. Үүний нэгэн адил манай төв ч ачааалалтай. Нөгөө талдаа манай төв улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалаар шүд, эрүү нүүрний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг цорын ганц байгууллага учраас тэр болов уу. Мөн ийшээ тийшээ явж шинжилгээ өг гэх мэтээр өвчтөнд хүндрэл учруулахгүйгээр нэг дор нарийн мэргэжлийн эмч нар оношилж эмчилгээ хийдэг. Тиймээс 2001 оноос хоёр ээлжээр 8.20-19.20 цаг хүртэл ажиллаж шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээг үзүүлж байна. Өдөрт дунджаар 500 хүнд үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгдөг. Нийт үзлэгийн 60-70 хувийг бага насныхан эзэлдэг. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн насныхан буюу сүүн шүдтэй, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнхан эмнэлэгт хандаж байна гэсэн үг. Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд ЭХЭМҮТ болон Улсын нэгдүгээр эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасаг руу шилжүүлдэг.

-Өдөрт тусламж үйлчилгээ авч буй иргэдийн тоог цаашид нэмэгдүүлэх боломж, бололцоо бий юү?

-Бид тооны араас хөөцөлдөхөөс илүүтэй чанар, халдвар хамгааллыг гол зарчим болгон баримталдаг. Яагаад гэвэл, Монгол Улс элэгний хорт хавдраараа дэлхийд нэгдүгээрт бичигддэг. Энэ нь В, С вирусийн халдвартай шууд хамааралтай. Гэхдээ зөвхөн шүдний бус аль ч эмнэлгээс ямар нэгэн тусламж үйлчилгээ авахдаа халдвар хамгааллыг сахиагүйн улмаас нэгээс нөгөөд дамжих халдвар авах эрсдэл өндөр байдаг. Иймд нэг хүнд тусламж үйлчилгээ үзүүлсний дараа цэвэрлэгээ ариутгал хийж байж дараагийн хүнээ хүлээж авдаг. Үүнд хугацаа их ордог. Гэтэл иргэд өгсөн цагийнхаа дагуу үзэхийг шаарддаг. Жишээлбэл, нэгэн иргэн хүндэрсэн, дөрвөн сувагтай шүдээ эмчлүүлэхээр цаг авлаа гэж бодъё. Энэ тохиолдолд суваг бүрт нь эмчилгээ хийдэг. Тэгэхгүйгээр хоёр сувгийг нь эмчлээд хоёрыг нь үлдээж болохгүй. Энэ тохиолдолд хугацаа шаарддаг учраас тухайн хүний цаг сунадаг. Нөгөөтэйгүүр, чанар гэдэг нь зөвхөн эмчилгээний асуудал биш. Жишээлбэл, чанаргүй пломбаноос болж хүний биед маш олон өвчин үүсэх эрсдэлтэй. Тиймээс халдвар хамгааллыг баримталж, иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэхийг илүүд үздэг.

-Иргэд дараалал ихтэй, хонож өнжин байж цаг авдаг гэж шүүмжилдэг. Танай төвийн тусламж үйлчилгээг ямар зарчмаар авах вэ?

-Бид үйлчлүүлэгчдэд гурван төрлийн цаг өгдөг. Мэс заслын тусламж үйлчилгээ буюу шүд авахуулах цагийг өглөө нь авч тухайн өдөртөө үйлчлүүлнэ. Шүдээ эмчлүүлэх цагийг эхэлж авчихаад маргааш нь тусламж үйлчилгээ авах боломжтой. Жишээлбэл, би даваа гарагт цаг авсан бол мягмар гарагт эмчид үзүүлнэ гэсэн үг. Сүүлийн үед нүүр амны гажиг нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ төрлийн зөвлөгөө, тусламж үйлчилгээ авах үйлчлүүлэгчдийн тоо эрс өссөн. Тиймээс гажиг заслын зөвлөгөөний өрөөг үзлэгийнхээс тусад нь гаргаж, цаг олгож байна. Манай төвөөс тусламж үйлчилгээ авахаар ирж буй иргэд шүдээ авахуулах, эмчлүүлэх эсэхээ тодорхой болгохгүйгээр цаг авчихдаг тал бий. Өөрөө өөрийнхөө өвчнийг оношилж тэр дагуу цагаа авч, эцэст нь хэн хэндээ хүндрэл учруулдаг. Жишээлбэл, шүдээ пломбадуулна гээд цаг авлаа гэж бодъё. Гэтэл эмч үзээд пломбадохгүй авах хэрэгтэй гэдэг. Ингэснээр дахиад цаг авах гэх мэт хүндрэл, чирэгдэл гардаг.

-Үйлчлүүлэгчид шүдээ эмчлүүлэх, авахуулах эсэх зөвлөгөөг хаанаас авах вэ. Танай төвөөс авч болох уу?

-Манай төвд ирсэн дарааллынхаа дагуу урьдчилан сэргийлэх кабинет буюу 101 тоот өрөөний эмчээс зөвлөгөө, мэдээллийг авсныхаа дараа цаг авах ёстой.

-Цаг авахдаа заавал эрүүл мэндийн дэвтэртэйгээ ирэх шаардлагатай юу. Аль эсвэл регистрийн дугаараа хэлээд авч болох уу?

-Ер нь биеийн байцаалт болох иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтрээ авч ирэх ёстой. Сүүлийн үед эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж байгаа учраас тухайн хүний мэдээллийг цахимаасаа шүүж, үйлчилгээ үзүүлэх боломж бий. Гэхдээ нэн шаардлагатай тохиолдолд регистрийн дугаараа хэлээд цаг авч, эмчид үзүүлж болно.

-Шинэ байртай болж сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан ч мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх нь хамгийн чухал. Тиймээс эмч, эмнэлгийн ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Сүүлийн гурван жилд энэ чиглэлд нэлээд анхаарч ажиллаж байна. Эмч нарыг дотооддоо нарийн болон төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх сургалтад хамруулахаас гадна гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургаж, туршлага судлуулсан. Нэг эмчийг 3-6 сар хүртэлх хугацаагаар явуулдаг. Манай төв 72 ажилтантай. Үүнээс 28 нь эмч. Одоогоор 23 нь гадаадад мэдлэг боловсролоо дээшлүүлж, туршлага хуримтлуулаад байна. Мөн хэд хэдэн сувилагчийг энэ зарчмаар сургасан. Гурван жилийн хугацаанд олон эмч, сувилагчийг гадаад, дотоодын сургалтад хамруулж чадсан нь манай төвийн удирдлагууд боловсон хүчин бэлтгэх асуудлыг стратеги төлөвлөгөө, гол зорилго болгосны үр дүн юм.

-“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрийг энэ онд хэрэгжүүлэхээр болсон. Үйл ажиллагааг нь хэзээнээс эхлүүлэх бол. Энэ талаар танайд ямар мэдээлэл байна вэ?

-Энэ сарын 20-нд Олон улсын амны хөндийн эрүүл мэндийн өдөр тохионо. Энэ өдөр хөтөлбөрийг Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн танилцуулж, олон нийтэд мэдээлэл өгөх юм билээ. Тус хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлж, 2-12 насныхныг хамруулах учраас төлөвлөгөө гаргах ёстой. Энэ хугацаанд үе шаттайгаар олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа. 

-Сүүлийн үед шүд, эрүү нүүрний гажиг нэмэгдээд байх шиг санагддаг. Энэ нь юутай холбоотой гэж харж байна вэ?

-Энэ бол зөвхөн Монголд биш дэлхий нийтэд тохиолдож буй үзэгдэл гэж болно. Сүүлийн үед оношилгоо, эмчилгээ сайжирч байгаа учраас гажиг нэмэгдэж байгаа юм шиг дүр зураг харагддаг. Хүн 32 шүдтэй байх ёстой. Гэтэл сүүлийн үед шүд илүүдэх, дутах зэрэг гажиг гарч байна. Дээхнэ үеийн хоол хүнсний бүтцийг харвал байгалийн гаралтай бүтээгдэхүүн нэлээд давамгайлж байсан. Харин сүүлийн үед суурьшмал байдлаар амьдарч, хоол хүнсний бүтэц өөрчлөгдөж байна. Ингэснээр эрүү, шүдний хөгжил хоорондоо зохицохгүйд хүрээд байна. Шүдний илүүдэл нь эрүү дутуу хөгжсөнтэй холбоотой. Харин шүд дутуу байх нь тухайн хүн жирэмсэн байхдаа нянгийн гаралтай эм хэрэглэсэн, агаарын бохирдол, орчны нөлөө, хоол хүнсний бүтэц гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг.

-Шүдний өвчлөл олон өвчний суурь шалтгаан болдог гэдэг. Танай төвд хандаж байгаа үйлчлүүлэгчдийн олонх нь бага насныхан юм байна. Тиймээс амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн сахих талаар зөвлөгөө өгнө үү?

-Манай улсад шүд цоорох өвчин 5-6 насны хүүхдийн дунд хамгийн өндөр буюу 94 хувьд нь тархаж, 12-14 настнуудын 80 гаруй хувьд хүрсэн. Шүдний өвчнөөс болж 200 гаруй төрлийн эмгэг үүсч, даамжирдаг гэж үздэг. Үүнээс шалтгаалан манай улсын өсвөр насны хүүхдүүдийн 60 гаруй хувь нь суурь өвчтэй болсон гэсэн судалгаа бий. Хүүхдийн шүдний цоорол чих, хамар хоолой, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчнүүдийн гол шалтгаан болдог. Тиймээс хүн өдөрт шүдээ 2-3 удаа зөв оо, сойзоор, зөв хөдөлгөөний давтамжтайгаар угаахаас гадна зургаан сард нэг удаа шүдний эмчид хандах хэрэгтэй. Энэ дадлыг хүмүүжлийн нэг хэсэг болгож, хүүхдэд багаас нь хэвшүүлэх ёстой. Учир нь, хоол идсэний дараа шүдний гадаргууд өнгөр тогтдог. Энэ нь нянгийн гаралтай учраас маш их хүчиллэг хий ялгаруулж тухайн шүдийг хайлуулдаг. Хэр их хугацаа өнгөрнө тэр хэрээр нянгийн халдвар явагдаж, шүд цоордог. Нянгийн халдварыг удаан хадгалснаар шүднээс гүйлсэн бурчирхай, залгиур хоолой гэх мэтээр халдвар дамждаг. Шүд хүний биеийн хамгийн хатуу хэсэг, 98 хувийн эрдэстэй. Яс бол 78 хувийн эрдэстэй хатуулаг. Гэтэл яснаас хатуу шүд цоорч байгаа нь амны хөндийн эрүүл ахуй, арчилгаатай шууд холбоотой. Мөн буруу хоололт нөлөөлдөг. Тиймээс эрүүл хооллохыг эрмэлзэж, урьдчилан сэргийлэхэд ач холбогдол өгөх нь чухал. Дийлэнх хүн өвдөхөөсөө өмнө бус дараа нь эмчид ханддаг. Энэ маш буруу. Тайвань, солонгосчууд оо, сойзоо ажлынхаа өрөөнд тавьдаг бас үргэлж цүнхэлж явдаг. Тэд өдрийн хоолоо идсэнийхээ дараа шүдээ угааж хэвшсэн. Бид ч гэсэн энэ арга барилыг хэвшүүлэх хэрэгтэй.