Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гаднын улсаас иргэншил хүсчээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг гадаадын улс орноос иргэншил хүссэн талаарх мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уг мэдээллийг үнэн гэдгийг хэллээ. Тэрбээр "Ч.Сайханбилэг иргэншил хүсээд, гадаадын хуулийн компанид хандсан. Мөн манай ГХЯ-нд мэдэгдсэн байсан. Ч.Сайханбилэг ирээд шалгуулаад үнэн зөвөө олчих хэрэгтэй. Зугатаах шаардлагагүй" гэсэн юм.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь өөрийгөө өмгөөлүүлэхээр АНУ-ын “Amsterdam&Partners” компанитай гэрээ байгуулсан талаар тус компанийн вэб сайтад нийтлэгдсэн байдаг. Улмаар тус компанийн үүсгэн байгуулагч, хуульч Роберт Амстердам “Монголын төс засаг шүүхийн хараат бус байдал, хууль дээдлэх зарчимдаа халдаж байна. Өнөөгийн төр засгийн удирдлагууд авлигын эсрэг ажиллах нэрийдлээр ардчиллыг булшилж, өрсөлдөгчийнхөө эсрэг шүүх байгууллагыг хөдөлгөж байна. Ч.Сайханбилэгийг Монголд байхад нь шүүхийн зохих шийдвэргүйгээр, хууль бусаар  баривчилсан учраас одоо АНУ-д байгаа" хэмээн мэдэгдсэн байдаг.