С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Улаан буудайн урамшуулалд 21.4 тэрбум төгрөг олгохоор болжээ
Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А63 дугаар тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд 2019 оны ургацаас стандартын шаардлага хангасан 230,4 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 759 иргэн, хуулийн этгээдэд 21,476,225,900 /хорин нэгэн тэрбум дөрвөн зуун далан зургаан сая хоёр зуун хорин тавин мянга есөн зуу/-н төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэв.
Энэхүү шийдвэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Мал хамгаалах сан зэрэг байгууллагын өр төлбөрт тооцож нийтдээ 9,601,043,354 /есөн тэрбум зургаан зуун нэг сая дөчин гурван мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөгийг хамаарал бүхий аж ахуйн нэгж, иргэдийн урамшууллаас тус тус суутган тооцож санхүүжүүлж байна.
Мөн дотоодын шалгалтаар урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлээгүй, зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн нэр бүхий 45 иргэн, хуулийн этгээдэд олгох 1,471,530,900 /нэг тэрбум дөрвөн зуун далан нэгэн сая таван зуун гучин мянга есөн зуу/-н төгрөгийн мөнгөн урамшууллыг холбогдох зөрчлийг арилгасны дараа нөхөн олгох асуудлыг зохион байгуулж шийдвэрлүүлэх үүргийг холбогдох албан тушаалтанд өгөөд байна.