НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Сар шинийн өдрүүдэд зам тээврийн осол 33.9 хувиар буурчээ
Өнгөрсөн сар шинийн өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 527 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 323 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт зургаа, нийслэлд хоёр хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 23-ний өдрийн 11.00 цагийн орчимд Өвархангай аймгийн Өлзийт сумын 1-р багын нутаг “Баянхошуу” гэх газар Toyota-Prius-10 маркийн автомашин онхолдож жолооч 22 настай М-ийн амь нас хохирчээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 5 зөрчил бүртгэгдсэн.
Өнгөрсөн жилийн “Сар шинийн” баярын өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 72.3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг 33.9 хувиар, хүний амь нас хохирсон осол, хэрэг 38.4 хувиар, гэмтсэн хүн 92.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.