Сэлэнгэ аймагт 80 иргэнийг тусгаарлалтад байна

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтод Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэрэг 54 зорчигчтойгоор энэ сарын 02-ны өдрийн 22.30 цагт орж иржээ. Энэ хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийж байна.


Улсын Онцгой комиссын энэ сарын 01-ний өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг энэ сарын 11-ний өдөр хүртэл зогсоосон. Мөн БНСУ, Япон Улсаас ОХУ-аар дамжин нутагтаа ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд БНСУ, Япон, Итали, Иран улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, монгол иргэдээ оруулах юм. Ингэхдээ иргэдийг 14 хоног тусгаарлаж ажиглалтад авах аж. 

Үүнтэй холбогдуулан УОК-ын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссийн үйл ажиллагаа, бэлэн байдалтай танилцаж байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг боомтоор сүүлийн өдрүүдэд БНСУ-аас монгол иргэд дамжин орох хөдөлгөөн эрчимжиж, өндөр эрсдэлтэй байгаа тул газар дээр нь ажиллаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэн, үүрэг даалгавар өглөө.

Сэлэнгэ аймгийн ачааллыг бууруулах зорилгоор зэргэлдээ аймагт эмнэлгийн ор бэлтгэх шаардлагатай гэж үзэн, Дархан-Уул аймагт эмнэлэгт сэжигтэй болон шаардлагатай үйлчлүүлэгчийг тусгаарлах, ажиглалтанд авах асуудлыг Улсын Онцгой комисст тавьж шийдвэрлүүллээ. Энэ ажлын хүрээнд өчигдөр Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос тусгай чиглэлийн автомашин гарган Хиагтаас есөн том хүн, хоёр хүүхэд нийт 11 монгол иргэнийг татан авч 19.10 цагт улсын хилээр нэвтрүүлсэн бөгөөд хяналт тандалт хийж, Дархан-Уул аймагт ажиглалтад авахаар хүргүүлээд байна. Түүнчлэн Алтанбулаг, Сүхбаатар боомтод нэмэлтээр Эрүүл ахуй, халдвар хамгааллын дөрвөн улсын байцаагчийг Улаанбаатар хотоос томилон ажиллуулж эхлээд байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 80 монгол иргэн ажиглалтад тусгаарлагдаж байгаагаас сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 16 иргэн байна. Үүнээс 13 хүний хариу сөрөг гарч, гурван хариу хүлээгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас ОХУ-аар дамжин ирж буй монгол иргэдийг зохион байгуулалттайгаар эх оронд нь авч ирэх ажлыг зохион явуулж байгаа хэдий ч иргэд мэдээллээ үнэн зөв өгөхгүй байх, цаг хугацаа алдуулах зэргээр төрийн албан хаагчдын ажилд хүндрэл учруулах явдал гарсаар байна. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссийн хувьд зохион байгуулалт сайтай, салбар дундын оролцоог хангаж ажиллаж байна гэж дүгнэлээ. Өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллана.