Түүний ирээдүй тод гэрэлтэж байна

Хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ хос хувцас урлагч А.Отгон-Өлзийг урьсан юм. Гэгээн бодолтой, гэрэлтсэн бүсгүй “Хослон Урлан” брэндийг үүсгэн байгуулж, хөдөлмөрийнхөө үр шимээр хүсэл мөрөөдөлөө биелүүлэхээр хөлс хүчээ дуслуулан ажиллаж байна.


“Багын л хувцас загварын дизайнер болохоор шийдсэн. Хүсэл минь ч биелэлээ олж, хүмүүсийг хувцасладаг буянтай сайхан үйл хийж байна” хэмээн хоолой зангируулан ярив. Хүмүүний амьдралд өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг. Эрүүл мэндийн шалтгаантай бие өвддөг гээд тэрбээр хойш суусангүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар ажиллахын зэрэгцээ брэнд хөгжүүлэлтийнхээ ажлыг өдөр шөнөгүй давхар хийсээр Турк улсад эмчлүүлэх төлбөрийнхөө тал хувь болох 30 сая төгрөгийг олсон байна. Тэрбээр хэн нэгнээс тусламж гуйсангүй. Харин өөрт байгаа бүхий л боломж бололцоог ашиглаж, ирээдүйнхээ төлөө ажиллаж яваа А.Отгон-Өлзийгийн бахарам сайхан түүхээр аялсан юм.

Тэрбээр багын л зураг зурах сонирхолтой охин байж. Шатар нүүж, шүр шүлжиж гоёл чимэглэл хийдэг байсан гэнэ. Арван жилийн сурагч байхдаа анхны бүтээлээ хийж, баривч оёж, хөдөлмөрийн олимпиадад оролцож, хөөрч догдолж суусан хүүхэд насныхаа дурсамж дүүрэн мөчийнхөө талаар ярьлаа.

Хувцас загварын дизайнер болохоор сэтгэл шулуудсан А.Отгон-Өлзий Монгол солонгосын техникийн коллежид элсэн орж анх оёдлын машинтай танилцсан түүхтэй. “Хөдөлмөрийн хичээлдээ дуртай байсан. 10 дугаар ангиа төгсөөд хотод ирж  мөрөөдлөө биелүүлэхээр суралцсан. Их идэвхтэй, шамдан суралцдаг оюутан байлаа.” гэв.

Коллежoо амжилттай төгссөн тэрбээр мэдлэгээ тэлэхийн тулд СУИС-ийн хувцасны зураач дизайнер мэргэжлээр дахин суралцжээ. Хоёр ч сургуулийн босгийг алхаж, боловсрол хуримтлуулсан А.Отгон-Өлзий оюутан байхдаа захиалгын хувцас хийж, оройжин сууж олсон мөнгөө хуримтлуулж оёдлын машин, индүү авсан гэнэ. Ингэснээр түүнд илүү боломж нээгдэж, төрөл бүрийн хувцсыг оёдог болжээ.

"Хүсэл зорилго маань намайг хөтөлсөн. Урлаачдын чухал зэмсэг бол оёдлын машин шүү дээ. Орлогоороо авсан оёдлын машинтайгаа л брэндээ эхлүүлсэн” гэв.

No description available.

Тэрбээр 2017 оноос хорвоо ертөнцийг хамгийн хариуцлагатай аз жаргалтай албыг хаших болов. Энгэрийн шигтгээ шиг эрх энхрийхэн охиноо элгэндээ тэвэрсэн ээж болжээ. Энэ үеэс гэрээрээ захиалга авахаар“Хослон Урлан” пэйж хуудсаа нээсэн байна. Нялх хүүхдээ харахын хажуугаар хувцас урлана гэдэг тийм ч амар ажил биш. Тэглээ гээд хойш суух эрх түүнд байсангүй. “Ихэвчлэн захиалга авч хийнэ. Дизайнер мэргэжлийг эзэмшсэн болохоор брэндээ өргөжүүлэхийг хүсдэг. Гэхдээ олон асуудлууд ар араасаа тулгарна. Гэрээрээ хийдэг болохоор хөрөнгө санхүүгээс гадна ажлын байрны хэрэгцээ гардаг. Тулгарсан асуудлыг цаг тухай бүрт  нь шийдвэрлэнэ. Захиалгуудаа хийгээд завгүй байдаг болохоор шинэ загвар гаргах хүсэлдээ хөтлөгдөөд явж байна” хэмээн инээмсэглэв.

No description available.

Брэндийн нэрийг сонсоход л хос хувцасны зураглал хүн бүхний санаанд бууна. Гэр бүл, найз нөхөд, ихрүүдэд зориулсан төрөл бүрийн хувцас урладаг нь “Хослон Урлан” брэндийн онцлог. Энхрий охин үртэйгээ хослох ээж охидын хос хувцаснаас эхлээд сэтгэл зүрхнийхээ дуудлагаар нийлсэн хосуудад зориулсан цамцыг өнгө загварын өргөн сонголттой урладаг аж.  Үндэсний үйлдвэрлэл хөгжихийн хэрээр “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД” үнийн бодлогод ихээхэн ач холбогдол өгч анхаарал хандуулж ажилладаг. А.Отгон-Өлзий ч мөн адил иргэдийн худалдан авах чадамжид тулгуурлаж үнэлгээгээ тогтоосон гэнэ.

“Чанартай бүтээгдэхүүнийг  боломжийн үнээр худалдаж авах боломжийг бүрдүүлэхийг л хүсдэг. Нэмүү өртөг шингэсэн хятад бүтээгдэхүүнийг биш эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжиж худалдан авалт хийгээсэй л гэж боддог юм” хэмээх түүний хэлсэн үг үнэний ортой. Тиймээс иргэн бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмжвэл олон хүн ажлын байртай болохоос гадна эдийн засагт ч үнэтэй хувь нэмэр оруулах боломжтой. 

No description available.

“Гоё болсон байна. Яг таарлаа. Баярлалаа. Дахиж хийлгэнэ” гэх урмын  сайхан үгсийг сонсч, урагшлах хүчийг авдаг бүсгүй хааяа нэг хатуухан шүүмжлэл сонсдог гэнэ. Алдаагаа ухрамсарлаж, уучлалт гуйгаад засч залруулах зарчмыг баримтлан ажилладаг аж.

Ирээдүйд илүү ихийг бүтээж, ажлын байраа өргөжүүлж, чанартай, чамин хос хувцсыг хэрэглэгчдийн таашаалд нийцтэл урлаж өгөх  зорилго тээн ажиллаж байгаа эгэлхэн бүсгүйн санасан бүхэн нь сэтгэчлэн бүтэж, сайхан бүхнийг цогцлоож, хүмүүний амьдралын хуанлид өөрийн түүхээ өнгө будгийн хоршуулж, тодоор зурахыг хүсье.

                                              С.ИчинхорлооNo description available.No description available.No description available.No description available.    No description available.No description available.No description available. No description available.No description available.No description available.No description available.       No description available.No description available.No description available.No description available.          No description available.         No description available.No description available.                                               No description available.No description available.