Д.Мөнхбат: Саарал усыг ашигласан тохиолдолд төлбөрөөс чөлөөлөх заалттай

БОАЖЯ-ны Усны бодлого, зохицуулалтын газрын дарга Д.МӨНХБАТТАЙ ярилцлаа.

-Монгол Улсын хэмжээнд усны нөөц хэр хангаллтай байдаг вэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын усны нөөц 564.8 сая км3-ээр хэмжигдэж байна.

-Усыг нөөцөлж, хуримтуулан ашиглах боломж манайд хэр байдаг юм бол?

-Нөөцөлж, ашиглах боломжтой. Монгол Улс дэлхийд усны нөөцөөрөө хомс ангилалд багтдаг. Усны нөөц харилцан адилгүй. Нутаг бүрт өөр, тэгш бус байдаг. Тухайлбал, говь нутгийн урд хэсэгт гадаргын усны хомсдолтой байхад хойд хэсгээрээ элбэг. Харилцан адилгүй тархсан усны нөөцтэй орон. Монгол орны усны нөөц дэлхийн Хойд мөсөн далай болон Номхон далай, төв Азийн гадагш урсгалгүй ай савд хуваагддаг. Хойд мөсөн далайн ай сав руу томоохон гол мөрнүүд нийлж урсаад улс дамжин Байгаль нуурт цутгадаг. Хэрлэн, Булган зэрэг гол Монгол орноос урсаад гараад явчихдаг. Бодлогоор эдгээр голд урсацын тохируулга хийж, нөөц бий болгохоос гадна олон зориулалтын цогцолбор хэлбэрээр ашиглах зорилт тавьж ажиллаж байна. Эрчим хүч үйлдвэрлэх, усны хуримтлалаасаа ус багатай говь хээрийн бүс рүү татаж ашиглана. Энэ чиглэлээр хийж буй олон ажил байгаа.

-Байгаль цаг уурийн өөрчлөлт, тодорхой шалтгааны улмаас гол горхи ширгэх нь ихэссэн тухай судалгаа бий. Өнгөрсөн оны хувьд хэчнээн гол, горхи тоологдсон вэ. Үүнээс ширгэсэн нь хэд байдаг юм бол. Буцаад сэргэсэн тохиолдол бий юү?

-Монгол оронд уур амьсгалын өөрчлөлт хүчтэй нөлөөлж байна. Дэлхийн дулаарал ч мөн адил нөлөө үзүүлдэг. Хуурай нартай байх өдрийн тоо олон. Хур тунадасны орох хууваарилалт янз бүр байдаг. Уур амьсгалын өөрчлөлт гээд байгаа нь өнөөдөр орох ёстой хур тунадас орохгүй байх зэргээс шалтгаалж байгаль болон ус усан орчинд ихээхэн нөлөө үзүүлдэг. Олон өдөр халуун нартай агаарын хэм өндөр байх нь ууршилт ихэсч гадаргын усанд нөлөөлнө. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хур тунадас сайтай байлаа. Өнгөрсөн оны байдлаар 6100 гол горхи тоологдсоноос 264 нь ширгэсэн байхад 81 гол эргэж сэргэсэн. 12590 булаг шанд тоологдсоноос 700 нь ширгэсэн. Харин 287 нь сэргэсэн байгаа юм. Нуур тойром 3895 тоологдож 286 нь ширгэж, 78 нь сэргэсэн байна. 512 рашаанаас 12 нь ширгэж, 11 нь буцаад сэргэсэн үзүүлэлттэй байгаа.

-Гол горхи, булаг шанд ширгэж байгаа гол шалтгаан юу вэ?

-Гол нөлөө нь хуурайшил, дэлхийн дулаарал, өөрчлөлтөөс шалтгаалж байна. Дэлхийн дулаарлаас болж газрын дор байдаг булаг шандуудыг тэтгэдэг мөнх цэвдэг, мөнх цас хайлснаас хөрсөнд байдаг ус багассан.

-Улсын хэмжээнд хэчнээн усны нөөцийг хамгаалалтад авсан бэ?

-Цэнгэг усны урсац бүрэлдэх эх 14.4 сая га талбай эзэлдгээс 7.2 сая га буюу нийт 49.9 хувийг улсын тусгай хамгаалтад авсан. Дөрвөн жилийн хугацаанд 55 хувийг хамгаалтад авахаар ажиллаж байна.

-Усыг ариг гамтай хэрэглээгээгүйгээс болж нийслэл хот ундны усны нөөцгүй боллоо гэж ярьдаг. Энэ нь хэр бодитой вэ?

-160-170 мянган шоо метр усыг хоногт унданд хэрэглэдэг. Зөв зохистой хэрэглэхийг иргэн бүрд таниулан мэдүүлж, соён гэгээрүүлэх ажлыг усны салбарынхан амжилттай хийж байна. Дэлхийн усны өдрийг тохиолдуулаад усыг ариг гамтай хэрэглэх талаар өргөн хүрээний мэдлэгийг цахим хэлбэрээр иргэдэд өгч байна. 21 сав газрын захиргаа Монгол орон даяар үйл ажиллагаа явуулдаг. Ус хэрэглээнийхээ дадал зуршлыг өөрчлөөд сайжруулаад зөв зохистой хэрэглэх шаардлагатай байгаа юм.

-Байгалийн баялаг алт, зэс, нүүрсээ ашиглана гэж ярьдаг. Гэхдээ ус бол хүн төрөлхтний амин чухал хэрэгцээ. Усны хомсдол, нөөц, ашиглалт, хамгаалалтын талаар хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар дурдвал?

-Цэнгэг усны нөөц буюу гол мөрний урсац бүрэлдэх эхийг тусгай хамгаалтад авсан. Нөөцөө хамгаална гэдэг том алхам юм. Усны сан бүхий газар гол мөрний сав газарт энгийн болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна. Ус хэмнэлттэй техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорьж байгаа. Урьдчилан цэвэрлэх байгууламж, усыг эргүүлэн, хэмнэлттэй ашиглах ажлуудыг бодлогоор дэмжиж байна. Усыг эргүүлэн ашигласан тохиолдолд тодорхой хувийг төлбөрөөс чөлөөлж байна. Энэ нь усыг хэмнэлттэй зөв зохистой ашиглуулахад авч байгаа арга хэмжээний нэг. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн тодорхой төлбөрийг хэрэглэгчдэд ногдуулж ажиллаж байна. Саарал усыг ашигласан тохиолдолд тухайн төлбөрөөс чөлөөлөх заалт байгаа.

С.Ичинхорлоо