Хамгийн чухал нь хандлага

Замын хажуугаар алхах бүсгүй үе үехэн эргэж харна. Машин замын хажууд тогтсон усыг хэн нэгэн жолооч хурдтай давхиж ирээд цацчихвий хэмээн бодож, хурд мэдэн алхана. Энэ л дүр төрх бороотой өдрийн бодрол мэт алхаж яваа хүн бүрийн ой тойнд буусан гэхэд бараг л хилсдэхгүй. Усан бороо орох өдрүүд олон. Машин замын эвдрэл гэмтлээс шалтгаалж, энд тэндгүй тогтоол ус тогтчихсон байдаг. Явган хүн рүү ус цацчихгүй, замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад явдаг  жолооч бий. Гэвч хурд хэтрүүлэн давхиж, хэн нэгний хувцсыг шавар шалбаагтай хутгадаг хэнэггүй жолоочид олширсоор байна.

Энгийн нэгэн жишээ дурьдахад Хууль зүйн сайд асан, одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нэгдүгээр эгнээгээр хурдтай давхиж явахдаа нэгэн залуу руу ус цацсан нь олон хүний бухимдлыг төрүүлсэн. Хууль тогтоох байгууллагад насаараа ажиллаж, сайд хэмээх хүндтэй албыг хашиж яваа хүнээс гарамгүй үйлдэл. Одоогоос хоёр жилийн өмнө хүүхдээ салхилуулаад явж байхад гэнэт усархаг бороо оров. Тэрэгтэй явж байгаа бидэнд такси ч олдсонгүй. Гэтэл Harrier унасан нэгэн залуу хүрч ирээд “Хаана хүрэх юм дөхүүлээд өгье” гээд гэрийн ойролцоо хүргэж өгч билээ. Хандлага хаана ч хамгийн чухал. Бороотой өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид хажуугаар алхах хэн нэгэн рүү ус цацахгүй байх нь таниас шалтгаалах ухамсарын асуудал... 

С.Ичинхорлоо