С.Энхболд: Вирусийн эсрэг эмийн нөөц хангалттай байна

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр салбарын сайд С.Энхболд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Халдварт өвчний тархалт хүний хөдөлгөөнтэй шууд хамааралтай. Тавдугаар сарын 22-ноос орон нутгийн замыг нээсэн, хорио цээрийн дэглэм суларсан, шагнал урамшууллын арга хэмжээнүүд зохион байгуулсан зэрэг маш олон хүчин зүйлс халдвар нэмэгдэхэд нөлөөлж байна. Вирус мутацилагдсан байж болохыг үгүйсгэхгүй, судалгааны шатанд явж байна.

Орон нутагт халдвар эрс нэмэгдэж байна. Тавдугаар сарын 22-ноос өмнө орон нутагт халдвар өдөрт 40-50 тохиолдол бүртгэгддэг байсан. Өнөөдрийн байдлаар орон нутгийн өдөрт илрэх тохиолдол 700-гаас буурахгүй болсон нь хөл хөдөлгөөнтэй шууд холбоотой. Халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулж орон нутаг руу эм эмнэлгийн хэрэгсэл, хүний нөөцийг явуулж, зөвлөмж зөвлөгөөг өдөр бүр өгч байна. УОК-оос аймаг, сумдын Засаг дарга нарт халдварын нөхцөл байдалтай уялдуулж хариу арга хэмжээ авах эрхийг өгсөн. Хэд хэдэн аймаг, сумд хөдөлгөөний хязгаарлалт тогтоож ажиллаж байна. Халдварын тархалтын хумих хамгийн том арга хэмжээ бол хөдөлгөөний хязгаарлалт учир түүнд тохирсон арга хэмжээг үе шаттай авах учиртай.

“Спутник” вакцины хоёр дахь тунг хүлээж байгаа хүмүүс байна. “Спутник” вакцины хоёр дахь тунг долдугаар сарын эхээр татан авах төлөвлөгөөтэй байна. Вакцинжуулалтын ажил улсын хэмжээнд 88 хувьтай явж байна. Бид вирусийн эсрэг эм бэлдмэлийг бүх бололцоогоороо түгээж байгаа. Тухайлбал, халдвар авсан нь батлагдсан хүн бүрт 60 ширхэг Арбидол эмийг үнэгүй хүргүүлж байна. Вирусийн эсрэг эмийн нөөц хангалттай байна.

Он гарснаас хойш эмнэлгийн ажилчид, эмч сувилагч нарын цалин урамшуулалд нийт 12 тэрбум төгрөгийг  Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж шийдсэн. Эрүүл мэндийн салбарын цалингийн шатлалд хэлэлцүүлэг хийж байгаа учраас удахгүй шийдвэр гарна. Засгийн газрын хуралдаанаар байнга ярилцаж байгаа” гэсэн юм.