НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Эмийн үнэ хөөрөгдсөн эмийн сангуудын зөвшөөрлийг цуцлуулахаар болжээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас вирусийн эсрэг эмийг Эрүүл мэндийн даатгалд хамруулах саналыг холбогдох газруудад хүргэжээ. Ингэхдээ "Ковид-19"-ийн халдвар авсан иргэдийг төлөөлж, вирусийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн төрөлд оруулахыг санал болгосон байна. Саналыг Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн байна.
Энэ талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ "ШӨХТГ-ын үндсэн чиг үүрэгт эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих тухай байдаггүй. Энэ удаа КОВИД-той холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын газраас ирсэн хүсэлтийн дагуу хамтарсан шалгалт хийлээ. Энэ үеэр Арбидол эм 6000 төгрөгөөр худалдан борлуулж байгаагүй нь тогтоогдсон. УИХ-ын гишүүд ямар үндэслэлээр 6000 төгрөгөөр худалдаалж байсан мэдээлэл авсныг ойлгохгүй байна.
Цаашдаа эм, эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын газраас эмний үнийг тогтоож өгөх зайлшгүй шаардлагатай талаар тухайн байгууллагад албан тоот өгч байна. Эм импортлогч компани болон эмийн сангуудад тухайн эмийн дээд үнийг тогтоож өгч байгаа учраас түүнээс дээш гаргахгүйгээр худалдаалахад манай байгууллагаас хяналтыг үргэлжлүүлэн хийнэ.
“Ар-Үр”, “Мөнхийн тун” гэдэг компанитай хамааралтай 700 гаруй сая төгрөгийн шилэн дансны мэдээлэл олон нийтэд ил болсон байсан. Үүнд хяналт шалгалт хийсэн. Ар-Үр компанийн хувьд 18000 төгрөгөөр зах зээлд шууд нийлүүлэх боломжтойгоо албан ёсоор мэдэгдсэн байгаа.
“Ковид-19” цар тахлын улмаас эмнэлэг ачааллаа дийлэхгүйгээс гэртээ эмчилгээ авч байгаа иргэдийн тоо ихсэж байна. Үүнтэй холбогдуулан хяналт шалгалтын дүнг Шадар сайд болон ЭМЯ-нд хүргүүлж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын эмийн жагсаалтад вирусийн эсрэг эм ороогүй байгаа боловч багц гэж худалдаалагдаж байгаа төлбөр дүнтэй холбоотой асуудлыг ЭМД-д хамруулах саналыг хүргүүлээд байна.
Арбидол эмийн үйлдвэрийн үнэ буюу Монгол Улсад орж ирж байгаа үнэ 6000 гэж байхгүй, түүнээс дээш байна. “Монос” фармийн хувьд уг эмийг 20000 төгрөгөөр оруулж ирээд өөрийн эмийн сангуудад 27270 төгрөгөөр бусад эмийн сангуудад 31000 төгрөгөөр нийлүүлж байгааг тогтоосон.
Арбидол эм гурван төрлийнх байна. Арбивир, Арбидол гэдэг эм байна. Энэ хоёр нь нөгөө Арбидолоо бодвол харьцангуй хямд. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагууд дотор 43000 төгрөг хүртэл үнээр зарж байгаа эмийн сангууд байна. Эдгээр эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах, лицензээр оруулж ирэх ААН-ийн жагсаалтаас хасуулах саналаа холбогдох байгууллагад хүргүүлж байна. Бусад эмийн тухайд Амоксиклав 625 мг, Цайр 20 мг, Витамин Д3-4000 тай, Витамин С 1000-тай, Виферон лааны хувьд хил, гаальтай холбоотойгоор тээврийн зардлаас хамаарч үнэ хэлбэлзэж, зарим үед тасарч байгаагаас үнэ хэвийн байна гэв.