НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
“Цалинтай ээж”-ийн 50 мянгыг нэмье
Эх орны ирээдүй хойч үеийг төрүүлж, өсгөж, хүмүүжүүлж яваа ээжүүдийг төрөөс хэрхэн дэмждэг вэ?. “Цалинтай ээж”-ийн тэтгэмж хэмээх 50 мянган төгрөг Та бидний амьдралд хүрэлцдэг үү?. Засгийн газраас иргэдээ дэмжсэн олон төрлийн халамжийн үйлчилгээг үзүүлдэг ч хамгийн бага нь ээжүүдийн тэтгэмж болохоор ийн асууж байгаа хэрэг. Уг нь үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж эрүүл Монгол хүнийг төлөвшүүлнэ гэдэг улсын хөгжилтэй шууд холбогдоно. Аливаа улсын хөгжлийн гол хөшүүрэг нь хүн. Гэтэл хөгжлийн түлхүүрийг өсгөж, амьдралынхаа он жилийг алаг үрсдээ зориулж яваа эхчүүдэд зориулсан “Цалинтай ээж” гэх сүржин нэртэй 50 мянган төгрөгөөр талх, гурилын үнэ өдрөөс өдөрт өсч байгаа энэ цаг үед хэрэгцээгээ хангаж чадаж байна уу?.
Хууль тогтоож суугаа УИХ-ын гишүүд нэг өөрийг ярих л байх. Гэвч төрөөс олгож байгаа халамж, тэтгэмжийн хамгийн бага нь “Цалинтай ээж” гэдэгтэй олон ээж санал нийлнэ. Анх төрүүлж, өгсөж байгаа хүүхэд бүрийн тоогоор гэсэн боловч бодит хөрсөн дээр буухдаа нийтэд нь 50 мянган төгрөг олгох шийдвэрийг гаргасан. Ээжүүд 50 мянган төгрөгөө өөртөө зарцуулдаггүй. Үр хүүхдэдээ зарцуулдаг. Хоёр кг мах, хорин кг гурилын мөнгө чүү хүрнэ. Эсвэл уут живх л худалдаж авахад хүрэлцэнэ. Хүүхэд бүрийн тоогоор гэж хууль баталсан гишүүд ам булаалдан ярихад хөөрхий ээжүүд магнай хагартлаа баярласан ч “горьдоод” өнгөрсөн гэсэн үг.
Хэрэв хүүхэд бүрийн тоогоор олгосон бол хэчнээн ээжийн сэтгэл тэнийх байсан бол... Жишээ дурьдахад 1-8 насны дөрвөн хүүхдээ хардаг ээж дор хаяж гэртээ зургаан жилийг өнгөрүүлнэ. Дөрвөн хүүхдийн сарын хэрэглээ, урсгал зардалд хэчнээн төгрөг зарцуулахыг тааварлашгүй. Живх, хоол, хувцас хэрэглээнээс гадна хүүхэд гэнэт өвдвөл зарцуулагдах мөнгөний тоо нэмэгдэнэ. Хүүхдийн мөнгө тухайн хүүхдийн сарын хэрэглээний хаана ч хүрэхгүй. Ээж хүүхдүүдээ харна. Харин аав ажил хийнэ. Манай улсын цалингийн тогтолцоо хэр хэмжээтэй байдгийг хүн бүхэн мэднэ. Нэг хүн ажиллаж, зургаан ам тэжээнэ гэдэг банкны зээлтэй, байр, машины лизингтэй залуу гэр бүлд дарамт болдог. Гэтэл үр хүүхдээ өсгөж байгаа ээжүүдэд төрөөс дэмжиж, олгож байгаа тэтгэлэг нэмэр болдоггүй нь бодит үнэн.
С.Ичинхорлоо