НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Ц.Магалжав: Төрийн тэргүүн цол олгодоггүй болгох хэрэгтэй байна
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав Үндэсний их баяр наадамтай холбоотой байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Өнгөрсөн жил шиг үзэгчгүй наадам зохион байгуулах шийдвэр гарч байх шиг байна. Цахим гээд буруу нэрлээд үүнийг нь янз бүрийн хүмүүс цахим барилдаан, цахим морины уралдаан гэж юу байх вэ гээд шүүмжлээд байгаа. Монголын үндэсний бөхийн холбоо наадмын бөхийн барилдааныг олон жил зохион байгуулсан болохоор баг хамт олон, жаяг дэгийн баг наадмын барилдаанаа төвөггүй зохион байгуулна. Допингийн асуудалд хууль нь муу байсаныг ашиглаж бөхчүүд зөрчил гаргахад үе үеийн бөхийн салбар хороо гэж түр зуур байгуулагддаг субьект янз бүрээр хариуцлага ноогдуулж ирсэн нь одоогийн энэ их хэл ам, зөрчлийн үндэс.
Тэнд ажиллаж байсан хүмүүсийг зөрчил гаргаж хамгаалуулж байсан бөхчүүдээс өөр хэн ч мэдэхгүй, танихгүй. Бөхөд огт хамаагүй хүмүүс төрийн нэрээр наадам зохион байгуулалцаж байна гээд орж ирж үймүүлээд, хожмын хор нөлөө мөн хэл амны үндсийг тавиад алга болцгоодог, тэдэнд ямарч хариуцлага байхгүй, тооцох ч үгүй. 2018, 2019 оны наадмын допингийн асуудлуудыг тухайн үеийн бөхийн салбар хороо арай зөвөөр шийдвэрлэж, зөрчил гаргасан бөхийг хоёр жилээр эрхийг хассан.
Допингтой холбоотой олон зөрчил, асуудлуудыг Ерөнхийлөгч, Наадмын комисс, бөхийн салбар хороо шийдэхгүй эсвэл ялгавартай шийдээд бөхчүүд, бөх сонирхогчдын дунд маргаан үүсгээд байгаа юм. Үүний оргил цаг хугацаа нь энэ сүүлийн хоёр жил боллоо. Намраас батлах баяр наадмын хуулиа эрхэм их хурлын гишүүд маань сайтар бодож тунгааж, наадмыг төр асар их зардлаар зохион байгуулдаггүй, Төрийн тэргүүн цол олгодоггүй болгох хэрэгтэй байна. Наадмыг төсөв зардал багатай цомхон хийж болно. Үүнийг олон түмэн ч их хүсч, бас шүүмжилж байгаа. Их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд үндсэн ажил болох хуулиа батлах, улс орноо хөгжүүлэх гол ажлаа л хийх хэрэгтэй" гэжээ.