С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Оюун-Эрдэнэ: Шүгэл үлээгчид, авлигын асуудлыг дэлгэсэн хүнийг дэмжинэ
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, авлигын индексийг бууруулах Ажлын хэсгийг байгуулахаар болсон. Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажиллаж, Монгол Улсын авлигын индексийг хоёр жилийн дотор хоёр оронтой тоонд оруулах зорилго тавиад байгаа юм.
Уг шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн 30 жилд олон сайн зүйл бий болсон ч сул талууд ч гарлаа. Түүний нэг нь төрийн байгууллагын хүнд суртал. Авлига хээл хахууль нэмэгдэж, нийгэмд баян хоосны ялгаа асар их болсон. Эдгээр нь иргэдийн амьдралын чанарт нөлөөлж, дундаж давхаргыг бүрдүүлэхэд саад болж байна. Өнгөрсөн 30 жилд авлигатай тэмцэх олон ажил хийсэн ч илүү сайжруулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг илүү өргөн хүрээтэй явуулах авлигын хөрс сууринаас нь таслан зогсоох зорилгоор Авлигын индексийг буруулах ажлын хэсэг байгуулж байна” гэлээ. Мөн “Аль ч улс оронд гүйцэтгэх засаглал нь авлигатай тэмцдэг. Тиймээс Засгийн газар өөрийнхөө зүгээс юу хийж чадах зүйлээ хийнэ. Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно.
Судалгаагаар авлигатай холбоотой томоохон нугалаа үүсгэж буй байгууллага нь төрийн өмчит үйлдвэрийн газрууд байна. Энэ газрууд хэрхэн ил тод, сайн засаглалтай байх вэ гэдгийг Ажлын хэсгийн хүрээнд багцалж үзнэ.
Хоёрдугаарт, уул уурхайн компаниуд. Цахим шилжилтэд хойрго хандаж буй төрийн байгууллагууд байна. Цахим шилжилтэд орохгүй байгаа бол авлигатай тэмцэхэд оролцохгүй байна гэж үзнэ. ЗТХЯ дээр С зөвшөөрөлтэй холбоотой асуудал, Сангийн яам дээр гаальтай холбоотой асуудал, Шадар сайд дээр мэргэжлийн хяналттай холбоотой асуудал, ХЗДХЯ дээр бүртгэлтэй холбоотой зөвшөөрлийн хүнд суртлууд байна. Үүнийг яаж хүнээс үл хамаардаггүй болгох уу гэдгийг гүйцэтгэх засаглал хийхээс өөр аргагүй. Цахим шилжилт нь авлигын индексийг бууруулахад зайлшгүй чухал.
Шүгэл үлээгчид, авлигын асуудлыг дэлгэсэн хүмүүсийг дэмжинэ. Тэднийг хамгаалсан эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийг дэмжинэ. Авлигатай холбоотой асуудлыг гаргаж ирэхэд хууль эрх зүйн орчинг бий болгох тал дээр судалж байна.
Улс төрийн намын санхүүжилт хэрхэн ил тод, нээлттэй байх, нэр дэвшигчдийн хандивын асуудалд анхаарна. Хууль бус хандив өгч байгаа хүмүүс хуулийн ямар хариуцлага хүлээх вэ гэдэг чухал. Үүнд бид эрх зүйн орчинг бүрдүүлж, улс төрийн намуудтай зөвшилцөн улс төрийн намын хууль болон санхүүжилтийн тухай хуулийг боловсруулна.
УИХ-ын Ёс зүйн байнгын хороотой хамтран ах, дүү хамаатнаа төрд томилдог асуудал, мерит зарчим алдагдаж байгаа эсэхэд анхаарна. Банкуудын реформ нээлттэй ил тод байхад хяналт тавьж ажиллана. Долоо хоног бүр Ажлын хэсгийн ахлагчаас тайлан мэдээ авна. Хараат бус шүүх тогтолцоо бүрдэх, хууль хяналтын байгууллага хараат бусаар ажилладаг байх асуудалд аливаа улс төрийн албан тушаалтан нөлөөлөх гэж оролцвол эрүүгийн хуультай байх тал дээр анхаарч ажиллана.
Улстөрчдийн хувьд ХОМ-д бүртгүүлээгүй өөр хүний нэр дээр байгаа зүйлийг ашиглаж байгааг хөндөнө. ХОМ-ээ нотолж чадахгүй бол хэний өмч вэ гэдгийг тодруулахад ажиллана. Төр тунгалаг байж чадвал хувийн хэвшилтэй холбоотой авлигын хэрэг үүсэх боломжгүй. Төр үүнд хатуу, ёс суртахуунтай байж, хууль эрх зүйн орчин тодорхой болох зайлшгүй шаардлагатай” гэв.
Манай улсад авлигын хэргийг шийддэг дагнасан шүүх тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгаа гэж үзжээ. Ийм чиглэлийн хэргийг дагнаж шийдэж байгаагүй шүүгч, өмгөөлөгч, прокурор, хуулийн байгууллагын ажилтнууд ажиллахаар хэрэг замхрах урьдач нөхцөл болж байна гэж албаныхан үзэж байна. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин дутмаг байгааг Ерөнхий сайд онцолж, УИХ-ын Ёс зүйн хороотой хамтарч ажиллаж, ах, дүү, хамаатан, садны томилгоотой тэмцэхээ мэдэгдсэн юм. Төр тунгалаг байж чадвал хувийн хэвшлийнхэнтэй холбоотой авлигын асуудал үүсэхгүй гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Шинэ 30 жилд Монгол Улс авлигагүй болохын тулд хоёр жилийн хугацаанд нарийвчилсан ажлын төлөвлөгөө гаргах ажиллахаар боллоо.