С.Бямбацогт: Дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдлыг өршөөлд хамруулахгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан болон намрын ээлжит чуулганы хугацаанд батлуулахаар төлөвлөж байгаа хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.

УИХ-аас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Ингэснээр Монгол Улс Ази тивд анх удаа хүний эрх хамгаалагч гэж хэнийг хэлэх, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдвөл хэрхэн хамгаалах талаар эрх зүйн зохицуулалттай улс болон бусад улсыг түүчээлсэн байна. Тус хуулиар хүний эрх хамгаалагч гэж хэн болох, хүний эрх хамгаалагч нь хүний эрх, эрх чөлөө, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах болон хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хувийн ашиг сонирхолд ашиглахыг хориглосон зэрэг хоёр гол асуудлыг зохицуулсан гэв.

Тодруулбал, ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг Хүний эрх хамгаалагч гэж тодорхойлсон бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн эсрэг хүчирхийллийн бус, тайван аргаар үзэл бодлоо илэрхийлж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, аливаа хэлбэрээр хүний эрхийг хамгаалахыг “хүний эрх хамгаалах үйл ажиллагаа” гэж тодорхойлсон байна.

Үргэлжлүүлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд өршөөл үзүүлэх онцгой бүрэн эрхийг зөвхөн УИХ хэрэгжүүлэхээр заасан. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан байдаг. Шинэ Үндсэн хуулийг батласнаас хойш 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд буюу нийт зургаан удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргажээ. 2015 оны анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар зарим этгээдийг захиргааны буюу зөрчлийн шийтгэлээс чөлөөлж байсан юм.

Эрүүгийн хуульд зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүний амь насыг санаатайгаар бусниулсан; бусдын бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, хүүхдийн эсрэг үйлдсэн; эдийн засгийн эсрэг аливаа гэмт хэрэг; өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан хэдий ч дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн тохиолдлуудыг өршөөлд хамруулахгүй байх зарчим баримталсан болохыг С.Бямбацогт дарга тэмдэглэн хэлэв. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, тэдгээрийг нийгэмдээ хөлөө олон ажил хөдөлмөр эрхлэх, учруулсан хохирлоо нөхөн төлөх боломжийг олгож байгаа юм байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн суурь зарчмыг баримтлахын зэрэгцээ тус хуулийн зохицуулалтад хамрагдан суллагдсан аливаа этгээд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо заавал нөхөн төлөх ёстой гэдгийг онцолсон.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр нийт ял эдэлж байгаа 4175 хоргидлын 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 188 хоригдлын хорих ялаас 2 жилийг хасаж, өсвөр насны 25 хүн, нийт 709 хоригдол хорих ялаас чөлөөлөгдөж нийт 16.7 орчим хувийг өршөөлд хамааруулах тооцоо байсан бол Улсын Их Хурлаас дээр дурдсан зарчмыг баримтлан 1841 хоригдлыг буюу нийт 46 хувийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахаар шийдвэрлэжээ. Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 3669 ялтан хяналтад байгаагаас 3347 ялтны ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлэхээр тогтсон байна.

Өршөөл үзүүлэх тухай хууль нь дараах байдлаар хэрэгжих юм байна. Нэгдүгээрт: Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх. Энэ нь өршөөлд хамруулахгүй байхаар зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд суллана гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангид ял эдэлж байгаа нийт 139 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 142 хүнийг шууд суллахаар байна.

Хоёрдугаарт: Ялаас өршөөн хасах. Энэ нь зарим гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна. Өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангид ял эдэлж байгаа нийт 168 эрэгтэй, 16 эмэгтэй, өсвөр насны 1, нийт 184 хоригдол эдлээгүй үлдсэн ялаа хасуулж суллагдах юм байна.

Гуравдугаарт: Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих. Энэ нь хорих ял эдэлж байгаа ялтнуудын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж хорих ангиас суллахаар Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан тодорхой гэмт хэргүүдэд хамаарна. Өнөөдрийн байдлаар 1086 эрэгтэй, 39 эмэгтэй, өсвөр насны 3 нийт 1128 ялтны хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.