С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Халдвараас сэргийлэх, дархлаа дэмжих бэлдмэл үйлдвэрлэж эхэллээ
Биобэлдмэлийн үйлдвэрийг сэргээж халдвараас сэргийлэх, дархлаа дэмжих бэлдмэл (иммунглобулин) үйлдвэрлэж эхэллээ.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, 2010 оноос үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд татан буулгасан байсан “Биобэлдмэлийн үйлдвэр”-т өнгөрсөн 6 сард очиж ажиллахдаа үйл ажиллагааг нь сэргээх шийдвэрийг гаргасан юм.
Тэрээр “Вакцины хяналтын үндэсний лаборатори, биобэлдмэлийн үйлдвэрлэлээ сэргээхгүйгээр аливаа халдварт өвчинтэй тэмцэх нь өрөөсгөл” юм гэж онцлон тэмдэглээд анагаах ухааны эмчилгээний биобэлдмэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус үйлдвэрийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бүх талын дэмжлэг үзүүлснээр өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд “халдвараас сэргийлэх, дархлаа дэмжих” биобэлдмэл болох “хүний хэвийн иммуноглобулин”-г дотооддоо үйлдвэрлэхээр болжээ.
Өнөөдөр НЭМҮТ-ийн дэргэдэх Биобэлдмэлийн үйлдвэрт хепатит, томуу, томуу төст өвчин, улаанбурхан зэрэг вируст, стафилакокк, менингококк зэрэг бактерийн гаралтай өвчлөлөөс урьдчилсан сэргийлэх, эмчлэх, дархлаа сэргээх үйлдэлтэй булчинд тарьж хэрэглэдэг иммунноглобулиныг үйлдвэрлэж, туршилт, чанарын хяналтын шинжилгээ хийгдэж байгаа тухай мэдээллийг НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор /Ph.D/, дэд профессор Д.Нарантуяа, НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны дарга, Анагаах ухааны доктор /Ph.D/, дэд профессор Б.Ичинхорлоо нар Шадар сайдад хүргэлээ.
“Хүний хэвийн Иммуноглобулин” нэртэй үйлдвэрлэх тус бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлсэн тохиолдолд Биобэлдмэлийн үйлдвэр нь 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 1,500-3,000 хүн тунгаар үйлдвэрлэх боломжтой аж.
Иммуноглобулин хэмээх уургийн бэлдмэлийг ковидын халдварын хүндэвтэр шатны эрт үеийн эмчилгээнд хэрэглэх нь халдварын эдгэрэлтийг хурдасган, хүндрэлээс сэргийлдэг болохыг олон орны судалгаа харуулж байгаа бөгөөд ДЭМБ-аас коронавирүсийн халдварын үед хэрэглэж болно гэж эмчилгээний удирдамждаа заасан байна. Манай улсад хэвийн болон өвөрмөц иммуноглобулиныг урьд нь халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан арвин туршлагатай.
Тиймээс дээрх туршлагад тулгуурлан монгол хүний биеийн онцлогт тохирсон уг бэлдмэлийг шинэ технологиор үйлдвэрлэн эмчилгээнд хэрэглэхээр бэлтгэж байгаа нь Ковид-19 халдвараар хүндэрч нас барахаас, нянгийн хоёрдогч халдвараас сэргийлэх, вирусийн эсрэг эмчилгээнд дарангуйлагдсан дархлалыг сэргээх боломжтойг судлаачид онцолж байна. Энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр ижил төрлийн импортын бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдан авах зардлыг бууруулан, гадаад руу урсах мөнгөний урсгалыг бодитойгоор багасгах боломжтой аж.