Н.Учрал: МАН-ын гишүүн авлигын хэрэгт нэр холбогддог байдлыг үндсээр нь өөрчилнө
Н.Учрал: МАН-ын гишүүн авлигын хэрэгт нэр холбогддог байдлыг үндсээр нь өөрчилнө
МАН-ын XXXI Их хурал энэ сарын 15-17-ны өдрүүдэд болж, намын даргаа сонгож, Бага хурал, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан юм. Үргэлжүүлэн хуралдсан Бага хурлаас МАН-ын генсек Я.Содбаатарыг улираан ажиллуулах шийдвэр гаргаж, Нарийн бичгийн дарга нараа сэлгэн томилсон. Мөн намын Үндсэн дүрмийн 112 зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, баталжээ. Үүнтэй холбоотойгоор МАН-ын дарга Н.Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй хүмүүс мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр МАН-ын дарга Н.Учрал "Их хурлаар Улс төрийн намын тухай шинэ хуульд намын Үндсэн дүрмээ нийцүүлэн 112 гаруй зүйлийн нэмэлт өөрчлөлт оруулж байна. Ингэхдээ жендерийн тэгш байдлыг хамгаалах зорилгоор намын бүх түвшинд удирдлагын 40 хувь нь эмэгтэй хүйсийн төлөөлөл байхыг Үндсэн дүрэмд тусгалаа. Намын үйл ажиллагааг "Шилэн" болгох хүрээнд санхүүжилтийг нээлттэйгээр олон нийтэд мэдээлж байх, Төв байгууллагаас хяналт тавих зохицуулалтыг тусгалаа. Намын бүх үйл ажиллагаанд ёс зүйн сахилгын асуудлыг нарийвчлан зохицуулсан. Ёс зүйн стандарт мөрдүүлэх, кодтой байх, гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилтууд туссан.
Шийдвэр гаргах түвшинд анхан шатны байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, удирдлага нэгжийн хоорондын харилцааг зохицуулсан зохицуулалтыг шинээр тусгасан. МАН-ын Хичээн эрмэлзэх зүйлийн эрхэм зорилго хэрэгжүүлэх гэсэн эхний бүлэгт тусгаар тогтнол, эх оронч үзэл санааг тухайлан бүлэг болгон авч үзсэн. Эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх гэсэн үзэл санааг намынхаа Хичээн эрмэлзэх зүйлд тусгаж өгснөөрөө онцлог болж байна. МАН-ын Бага хурлыг 597 гишүүний төлөөлөлтэйгөөр байгуулж, анхдугаар хурлаа зохион байгууллаа. Анхдугаар хурлаас Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан. 39 гишүүний төлөөлөлтэй Удирдах зөвлөлийг байгуулж байна. Мөн таван орон тооны нарийн бичгийн дарга, гурван орон тооны бус нарийн бичгийн даргыг томиллоо.
Их хуралд намын даргад өрсөлдөхдөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө чандлан хэрэгжүүлнэ. Удирдах зөвлөлийн анхны хурлаас намын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр намын гишүүдийг оноожуулах журам, үнэлэх, дүгнэх журмыг батлуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Удирдах зөвлөлийн дэргэд мөрийн хөтөлбөрийг үнэлдэг, дүгнэдэг байнгын хороодыг байгуулна. Үүгээр дамжуулж 2024 оны сонгуульд дэвшсэн мөрийн хөтөлбөрийн үр дүнг улирал тутамд тайлагнана.
Бүсийн зөвлөлийг байгуулснаар мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгнө. Эрх, үүргийн нэгдэл бол хариуцлага. Хариуцлага ярьдаг, ил тод, нээлттэй, гишүүн төвтэй нам болох зорилтыг дэвшүүлэх хүрээнд намын даргын зүгээс “E4” стратегийг дэвшүүлсэн. Үүнийг албан ёсоор бодлогын баримт бичиг болгоно. Энэхүү стратегийг хэрэгжүүлснээр улс төрийн намын санхүүжилтийг ил болгоно.
Ингэснээр мониторинг хийдэг орчин үеийн гишүүн төвтэй, хариуцлагатай нам болох үндэс сууриа тавина. “E4” стратегийн гол зорилго нь ард түмнийхээ итгэлийг олж авах, намын гишүүдийн идэвх, оролцоог сэргээх, бүх түвшинд авлига, ашиг сонирхлоос ангид байх, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх юм. МАН-ын гишүүн авлигын хэрэгт нэр холбогддог, үүнээс болж намын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг байдлыг үндсээр нь өөрчилнө. Тэгэхийн тулд тогтолцоогоо өөрчлөх зорилтыг дэвшүүлж байгаа. Засгийн тогтвортой байдлыг газрын хангаж ажиллана" гэсэн юм.