Түүгээр явсан гайг үүгээр дуудах нь тэдэнд үнэндээ “падлийгүй”
310 мянган гишүүнтэй МАН Их хурлаа хийж, намын даргаараа Тэргүүн шадар сайд Н.Учралыг сонгосон нь улс төр, нийгмийн хүрээний гол сэдвээр тодров. Бага хурлаасаа, бүр цаашилбал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлээгүй УИХ-ын тогтоол албажсан цагаас дотоод зөрчил нь хурцадмал байдалд шилжиж, тасралтгүй үргэлжлэх учиртай төрийн ажлыг гацаанд оруулсан үетэй харьцуулахад “Эв нэгдэл-Шийдэл-Хөгжил” уриан дор зохион байгуулсан XXXI Их хурал харьцангуй ажин түжин уур амьсгалд өрнөж, удирдлагын бүтэцдээ салхи оруулав.
10 гаруй жил Засгийн эрхэнд сууж буй МАН-аас ард түмэн нэг л асуултыг тавих болсон. Тэр нь Монгол төрийн хатиг болтлоо томорсон хулгайг хэзээ таслан зогсоох, хэнд яаж хариуцлага тооцох вэ гэсэн сануулга бас хүлээлт.
“Авлига, ашиг сонирхлын гэмт хэргүүд намын нэр хүндийг унагааж, ард түмний итгэлийг хөсөрдүүлж, сэтгэлийг цөхрүүлж Ардын Нам ард түмний дэмжлэгээс алсарч байна. Монгол Ардын намын оршин тогтнохуйн, эх орон, ард түмэндээ зүтгэхүйн баталгаа нь ард түмний итгэл найдвар. Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй” гэдгийг МАН-ын дарга Н.Учрал зүгээр ч нэг онцлоогүй. “Монголд юу болж байна, бүгдээрээ л хулгайлцгааж байна” гэсэн егөөдөлд өгсөн гэсэн товч бөгөөд тодорхой агуулга.
Нөгөө талд “Бэрхшээл нэгэн зэрэг арилдаггүй. Гэвч эхний дөрвөн сар хагасын дотор эрсдлийг даваад зогсохгүй эдийн засгаа бодитоор сэргээж, чадлаа” гэж Ерөнхий сайд Г.Занданшатар Их хурлынхаа индрээс мэдэгдсэн нь намынхаа төлөөлөгчдөд хандсан үг биш нийт монголчуудад хандсан “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” хөтөлбөрийн гол цөм байв.
Өөрөөр хэлбэл, эрх баригч намын ээлжит Их хурал зөвхөн дарга тодруулахаас илүүтэй нийгэмд алсарч эхэлсэн итгэлийг эргүүлэн авчрах, Монгол төрийн нэр хүнд, үнэт зүйлсийг сэргээх “Шинэ цаг”-ийн суурийг тавих зөвшилцөл болж чадсан эсэхийг улс төрд өрнөх үйл явдлууд гэрчлэх буй за. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимд Тэргүүн Шадар сайдын албатай явсан Н.Учрал МАН-ын даргын байр сууриас ямар бодлого баримталж, хэрхэн зарчим, зангараг заахаас дараа дараагийн улс төрийн прогноз түрүүчээсээ тодорхой болно. Бүрэн зураглалаараа Н.Учрал, Г.Занданшатар гэсэн хослол Монголын улс төрд хэрхэн явах нь 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуульд үзүүлэх амжилтыг бүрэн тодорхойлно.
Гэвч улс төрийн зүй тогтол гэдэг хамгийн хоржоонтой бас тохуутай байдаг нь бичигдээгүй хууль юм хойно МАН дахь эрх мэдэл, ашиг сонирхол дагасан систем тийм ч амар нуран унахгүй бололтой. Анхнаасаа Г.Занданшатарын Засгийн газрыг тогтвортой ажиллуулахаа мэдэгдсэн МАН-ын дарга Н.Учрал үг алсуурч амжаагүй байхад “Ялсан намын дарга Ерөнхий сайд байх ёстой” гэсэн агуулгыг УИХ-ын гишүүд гэлтгүй Ерөнхий сайд явсан нэгэн ч амнаасаа унагах болов.
Үндэсний язгуур эрх ашигтай холбоотой асуудлыг нэн тэргүүнд хөндөх, сайныг нь дэмжих, саарыг нь эсэргүүцэж, ард түмний нүд, чих болох учиртай сөрөг хүчин АН-ынхан хүртэл намын дарга УИХ-ын спикерийн албыг давхар хашихыг хязгаарласан хуулийн төсөл санаачилж, боловсруулахаар болсноо зарлав. Аман дээрээ тэд бүгдээрээ ард түмний нэрийн өмнөөс хийж буй үйлдэл мэт боловч ачир дээрээ ардаа захиалгатай, хэн нэгэн, хэсэг бүлгийнхээ эрх ашгийг хамгаалж дуугарах шалтаг нь л гэж харахаар. Хатуухан хэлэхэд МАН-ын даргаар сонгогдсон Н.Учралд зориулсан нүүрсний бүлэглэлийн сүүлчийн мэх, буланд шахах боломж нь эдгээр улс төрийн өнгө аясаар ийн тодров.
Бүр сүүлдээ Н.Учралыг УИХ-ын дарга болсон тохиолдолд намын гишүүнээсээ татгалзах ёстой гэсэн “бор шувуу”-г хүний өөрийнгүй намынх нь УИХ-ын гишүүд нисгэж байх шиг. Тэдгээр нь нэгэн цагт Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын албатай явахад нь МАН-ын дарга болгож, “давхар дээл” нөмрүүлэхээр хөлийнхөө улыг эргэтэл гүйцгээсэн хэсгийн дийлэнх, олонхи нь. Намаасаа түдгэлзсэн мөртлөө намынхаа дарга хийх нь өөрөө парадокс ойлголт, дэлхийн хаана ч байхгүй жишиг гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой ч арга ядахдаа л хийж буй улс төр гэж зөвтгөхөөс өөр аргагүй юм, тэднийг.
Гэхдээ МАН-ын дарга өөрчлөгдөж, Бага хурал, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүндээ бүрэн шинэчлэл хийж байгаа энэ цаг үед ганц л үнэн өдрөөс өдөрт тодорч байна. Тэр нь Н.Учрал, Г.Занданшатар хэзээ ч нэгнийхээ араас “хутга дүрэх” дүрүүд биш. Аль, аль нь үхэлтэй ганцхан алхмын зайнд нүүр тулсан, буцаад сэхсэн хүмүүс. Өнөөдөр нэг нь МАН-ын дарга, нөгөөх нь Ерөнхий сайдын албыг хашиж буй. Энэ хүртэл явж ирсэн замнал, улстөрчийн хувиар хүрсэн карьер нь тэднээс хэлсэн, ярьсандаа байхыг л хүснэ. Цаг үе нь ч тэгэхийг шаардана. Тэгж байж алдуурч, алсуурсан иргэдийн итгэлийг дахин олж авна.
Төдийгөөс өдий хүртэл амин найз гэж явсан, Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дарга, Хэрэг эрхлэхийн дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын байр сууриас хамтарч, хоршсон ч эцсийн мөчид нэгнээ түгжилдэж унагаасан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёроос тэс өөр, том ялгаатай зарчим Н.Учрал, Г.Занданшатар хоёрт байгаа нь ийм учиртай. Үндсэндээ авлига, албан тушаалын хэрэг, хулгайтай хийх Г.Занданшатарын тэмцэлд намын дарга Н.Учралын үзүүлэх дэмжлэг чухал нөлөөтэй, түүнийг нь ямар ч хамаагүй аргаар гацааж, зогсоож, нураах сонирхол бүхий улс төр байсхийгээд гарах нь хамгийн бодит үнэн. Гэхдээ хуулийг хүнд зориулж баталж, мөрдүүлдэггүй, нийгмийн харилцааг зохицуулах гэж олонхиороо хэлэлцэж, баталдаг нь гашуун үнэн.
Бусдаар түүгээр явсан гайг үүгээр дуудах нь тэдэнд буюу Н.Учрал, Г.Занданшатар нарт үнэндээ падлийгүй асуудал.