Н.Учрал: Төрийн үйлчилгээний сервисийг хувийн хэвшилд зориулан чөлөөлнө
"14.5 сая еврогийн зээл ашиглах үлдэгдэлтэй байна"
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо энэ сард хэлэлцэх асуудлаар Цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа. Үргэлжлүүлэн, Засгийн газраас 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын төслийг зөвшилцөх эсэх асуудлыг шийдвэрлэв. Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулгыг илтгэсэн.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр жилийн 0.15 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй 50.0 сая еврогийн “Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд таван төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэн холбогдох санхүүжилтийг хуваарилсан байдаг. Эдгээрээс гурав нь амжилттай хэрэгжиж, дууссан. “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих" төслийн хүрээнд Баян-Өлгий, Говьсүмбэр, Завхан, Увс, Дорнод аймагт хоногт 3000-5000 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж бариулах гэрээлсэн. Өнөөдрийн байдлаар эхний дөрвөн аймагт ажлын гүйцэтгэл 98 хувьтай, Эрдэнэт хотын хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй.
Нэн хөнгөлөлттэй зээлийн 71 хувийг буюу 35.45 сая еврог зарцуулсан. Одоо 14.5 сая еврогийн зээл ашиглах үлдэгдэлтэй байгаа. Гэрээний санхүүжилтийн хугацаа 2026 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болж байгаа, төслийн нөхцөл байдлыг харгалзан хугацааг 2026 он дуустал сунгаж, санхүүжилтийг гурван жилээр уртасган найман жилийн дотор олгож дуусах шаардлага үүссэн, энэ талаар Польшийн талтай зөвшилцсөн. Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа дэмжиж, УИХ-ын байнгын хороодтой зөвшилцөхөөр болсон тул шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
Хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Ж.Ганбаатар, А.Ундраа, О.Батнайрамдал нар асуулт асууж, байр суурь илэрхийлэв. Тэд зээлийг үр ашигтай зарцуулах, төслийн гүйцэтгэлийн хугацааг баримтлах, саарал ус ашиглах талаар тодрууллаа. Ийн хэлэлцсэний дараа зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураахад, гишүүдийн 56.5 хувь нь зөвшилцөхийг дэмжлээ. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Анар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов.