Н.Учрал: Төрийн үйлчилгээний сервисийг хувийн хэвшилд зориулан чөлөөлнө
С.Наранцогт: Богино хугацаанд гал унтраах арга хэмжээ авч ирсэн
Монголбанкны 2025 оны санхүүгийн тайланг хэлэлцэж, тус банкны Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг сонслоо. Монгол Улсын эдийн засаг 2025 онд тогтвортой өсөлтөө хадгалсан ч инфляци эрчимжсэн тул төв банк зорилтот интервалд барих бодлого баримталсан. Гадаад худалдаа эрчимжсэн эерэг дүнтэй өнгөрсөн онд гарсан боловч мөнгөний бодлогоо уян хатан зохицуулах, цаг алдалгүй шийдвэр гаргасны үр дүнд гадаад валютын албан нөөц 2025 онд түүхэн дээд хэмжээ буюу 7,005 сая ам.долларт хүрч баталгаажсан. Санхүүгийн тогтвортой байдал нь улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд эерэг нөлөө үзүүлж байгаа. Салбарын эрсдэл даах чадвар сайжирсан. Ногоон санхүүжилт, ногоон зээлийг нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, бүтэц зохион байгуулалтаа шинэчилж, цомхотгол явуулсан. Даргын орон тоог 50 орчим хувиар цөөрүүлсэнээр төсвөө хэмнэсэн. Төв банкны засаглалын реформыг эхлүүлэн эргэлт буцалтгүй хэрэгжүүлж байгаа хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт танилцууллаа. Тэрбээр, богино хугацаанд гал унтраах арга хэмжээ авч ирсэн хэдий ч цаашид урт хугацаанд бодлогын болоод эрх зүйн, бүтцийн суурь реформ хэрэгжүүлэх, Төв банкны тухай хууль, банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Үүнд гишүүдийн оролцоо чухал нэмэртэй гэв.
Монголбанкны Хяналтын зөвлөлөөс УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд дөрөв, Монголбанканд таван санал, зөвлөмж хүргүүлсэн талаар зөвлөлийн дарга Н.Ууганбаатар товч танилцууллаа. Байнгын хороонд хандаж, нийт өр төлбөр, нийт хөрөнгийн зөрүү болох 4.8 их наяд төгрөгийг Засгийн газар үнэт цаас гаргах замаар шийдвэрлэх нөхцөл байдал 2012 оноос хойш үүссэнд анхаарах, Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 38.3 дахь заалтыг хэрэгжих эсэх нь тодорхой бус байгаад анхаарч шаардлагатай бол өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэв. Мөн тэтгэврийн зээлийг тэглэх зэргээр Монголбанканд хууль, тогтоолоор үүрэг өгөх нь төв банкны бие даасан, хараат бус байдалд сөргөөр нөлөөлж буйг, санхүүгийн тайланг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байхаар шийдвэрлэх нь зүйтэй гэж зөвлөжээ.
Харин Хяналтын зөвлөлөөс Монголбанкны удирдлагад хандаж өгсөн зөвлөмждөө, Засгийн газраас авах авлага нь төв банканд эрсдэл учруулж болзошгүй тул эргэн төлөлтөд нөлөөллийн үнэлгээ хийж, Захирлын зөвлөлөөр хэлэлцэх, төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхээс эрс татгалзах, хөндлөнгийн аудитын "өөрчлөлтгүй" дүгнэлтийг хэвээр хадгалахад онцгой анхаарч, хяналтын горимыг чанд мөрдөх, тайлангаа олон нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэх, Хяналтын зөвлөлийн зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ.