Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны станц барина

 Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нэг дэх хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төслийг Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр танилцууллаа. Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан энэхүү төслийг боловсруулжээ. Төсөлд 15.3 их наяд төгрөгийн 124 төсөл, 186 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын 76 шалгуур үзүүлэлттэй уялдуулан тодорхойлсон нь манай улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Монгол Улсын хөгжлийн 2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь Засгийн газрын "Чөлөөлье" санаачилгыг дэмжиж, “Эрх зүйн”, “Эдийн засгийн”, “Дүрэм журмын”, “Ногоон хөгжлийн”, “Авлигын эсрэг” гэсэн дөрвөн чөлөөлөлт байх болно. Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд зээлийн хүү бууруулж, санхүүгийн зах зээлийг өрсөлдөөнтэй болгон хувийн хэвшил, үйлдвэрлэлийг дэмжиж, татвар, төсвийн шинэчлэлийг хийнэ.

Эрчим хүчний салбарт Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны станц, Дулааны тавдугаар цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барина. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Ган үйлдвэрлэлийн цогцолборын талбайн бэлтгэл ажлыг эхлүүлнэ. Экспорт болон аялал жуулчлалын чиглэлийн авто замууд болон "Гашуунсухайт-Ганцмод", "Ханги-Мандал", "Шивээхүрэн-Сэхээ" хил холболтын төмөр зам барьж, хилийн боомтуудын дэд бүтцийг хөгжүүлнэ. Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ. "Атар IV" аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид, "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд арьс, ширний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлнэ гэв.

Түүнчлэн зам дагуух аялал жуулчлалын үйлчилгээний цогцолбор байгуулж, Гурвансайхан, Ховд, Мөрөн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ. Эдгээр төсөл, арга хэмжээний үр дүнд эдийн засгийн дундаж өсөлтийг хадгалж, 65 дугаарт эрэмбэлэгдэж байгаа үндэсний өрсөлдөх чадварын индексийг 7 байраар ахиулна. Харин эрх зүй, дүрэм, журмын чөлөөлөлтийн хүрээнд зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулж, төрийн үйлчилгээг цахимжуулж, шийдвэр гаргалтыг оновчлон хүнд суртлыг бууруулахаар төлөвлөжээ. Боловсролын сапбарт "Цөөн хүүхэдтэй анги" бодлого баримталж, багийн болон хотхоны бага сургуулиудыг байгуулна. "Нэг багшид нэг Al туслах"-ыг нэвтрүүлж, Хромбүүк угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлнэ. Зүрх, судасны үндэсний төв, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хавдар судлалын үндэсний төв-2 зэрэг эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 17 аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл хэрэгжүүлж, Нийгмийн эрүүл мэндийн төв, дэд төв байгуулна. Өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн орлогын түвшинд нийцсэн ипотекийн зээлийн төрөлжилтийг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Ингэснээр хүний хөгжлийн индекс 2025 онд 0.756 байгааг 2027 онд 0.781-д хүргэж, дундаж давхаргын эзлэх хувийг 5 хувиар нэмэгдүүлнэ. Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн индекс 49 хувь байгааг 52 хувьд хүргэж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг одоогийн түвшнээс 5 хувиар нэмэгдүүлнэ хэмээн илтгэв.

 


Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон аудитын газраас “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах” тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй танилцаж, гаргасан дүгнэлт, зөвлөмжөө танилцуулсан.

Зөвлөлийн зүгээс энэхүү төлөвлөгөө хөгжлийн бодлого, шийдвэрүүдийн биелэлтийн хувьд он цагийн онцгой шийдвэрлэх үед байгааг тэмдэглээд, Засгийн газраас боловсруулсан 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд бодлогын хувьд дэвшил гарсан. Гэхдээ хөгжлийн төлөвлөгөө нь зөвхөн зорилго дэвшүүлэх бус, бодитоор хэрэгжих боломж, санхүүгийн эх үүсвэр, үр дүнгийн хэмжүүр, хариуцлагын тогтолцоотой нягт уялдсан байх нь зүйтэй гэж дүгнэжээ. Энэ хүрээнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн нөхцөл байдлыг бодитоор үнэлэх, хөгжлийн тэргүүлэх зорилт, үндэсний үр дүнг оновчтой, тодорхой болгох, бодлогын уялдаа, стратегийн нийцлийг хэрэгжилтийн түвшинд доголдуулахгүй байх, хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтээ SMART байх шаардлага хангуулах, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож, хөрөнгө оруулалтын үр ашиг, эдийн засгийн тооцооллыг бүрэн хийх шаардлагатай гэжээ. УИХ-аас өмнө нь Засгийн газарт өгсөн чиглэлүүдийн хэрэгжилт болон нийцлийн үнэлгээг хөгжлийн төлөвлөлттэйгээ уялдуулан хийж байх шаардлагатай гэж үзсэн байна.

 


Хөгжлийн төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Пунсалмаа, Ж.Ганбаатар, М.Энхцэцэг, Л.Соронзонболд нар асууж, үг хэлэв. Гишүүд энэ олон бүтээн байгуулалт, төслүүдийг санхүүгийн ямар эх үүсвэрээр шийдвэрлэхийг тодруулахад, эдгээр төслүүд хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжих боломж бүрдсэн. Эрчим хүчний салбарт гэхэд өмнөх сайд нь станцуудыг бариулах санхүүжилтийг шийдвэрлэчихсэн. Төслүүд алга болохгүй, үргэлжлүүлнэ гэж Ж.Энхбаяр сайд хариуллаа. Хэлэлцүүлгийн дараа УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгыг нэгдсэн хуралдаанд илтгэгчээр О.Батнайрамдал гишүүнийг сонгов.