С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Х.Нямбаатар: Оюу Толгойн хэлэлцээг урагшлуулах сайн мэдээ ирлээ
Оюу Толгойн хөрөнгө оруулалтын асуудлаар Монголын Засгийн газар, Рио Тинто групп хооронд хэлэлцээрийн ширээний ард суусан ч тодорхой шийдэлд хүрээгүй. Улмаар Засгийн газраас байгуулсан ажлын хэсгээс хөндлөнгийн шинжээчдийг оруулж, Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа 22 сар хойшилсон нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэдэг дүгнэлт гарчээ.
Дүгнэлт өнөөдөр өглөө Монголын талд ирснийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрбээр “Оюу Толгойн менежментийн багаас зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон шалтгааныг геотехникийн нөхцөлөөс болсон гэдэг тайлбарыг өнгөрсөн хугацаанд өгч байсан. Дэлхийн нэр хүндтэй шинжээчийн баг зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон нь геотехникийн хүндрэлээс болоогүй гэж дүгнэсэн. Тиймээс хэлэлцээрийг урагшлуулахад үр дүн авчрах сайн мэдээ ирсэн гэсэн үг. Манай ажлын баг Рио Тинтогийн Монгол дахь захирал Х.Амаржаргал болон бусад албан тушаалтнуудтай уулзаж дүгнэлтээ танилцууллаа. Хоёр шаардлага тавьсан. Нэгдүгээрт, шинжээчийн дүгнэлтэд тайлбар хийх. Хоёрдугаарт, Далд уурхайн олборлолтоо яаралтай эхлэх. Учир нь шинжээчийн дүгнэлт гарсан байхад Засгийн газраас ТЭЗҮ-ийг батлах боломжгүй юм. Тиймээс хуучин ТЭЗҮ-ээр, зэсийн үнэ өндөр байгаа энэ үеийг бодолцож далд уурхайн олборлолтыг яаралтай эхлүүлэх шаардлагыг тавьсан.
Хувьцаа эзэмшигчийн хувьд Монголын Засгийн газар гомдолтой байгаа. Менежментийн багийн алдаанаас гарсан зардлыг хэрхэн нөхөх талаар яаралтай хэлэлцэхийг компанийн ТУЗ болон хувь нийлүүлэгчдээс шаардаж ажиллана” гэлээ.
“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй дээрх ажлын багийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулан УИХ-ын нэр бүхий гишүүд, холбогдох сайд, албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулаад байгаа юм.