А.Отгонбаатар нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлжээ

2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент 74 гишүүнтэй. Уг нь хуулиараа 76 байх ёстой. Гэвч УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас виз даруулсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болж, 28 дугаар тойрог Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын итгэлийг гурав дахиа хүлээсэн Д.Сумъяабазар хотын даргын сэнтийд буурь сэлгэснээр хоёр гишүүний орон тоо энэ парламентад сох дутсан юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас орон, гарсан гишүүдээ бүрдүүлэхээр холбогдох хуулийн төслийг баталж, элэг бүтэн болох шийдвэрийг гаргасан нь хаврын чуулганаар гаргасан онцлох шийдвэрийн нэг байв. Парламентаас баталсан хуулийн хүрээнд Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар товлосон.

Энэ дагуу ээлжит бус, нөхөн сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч Төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх заалттай. Тэгвэл МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, “Зөв хүн электорат” эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.

Нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.1-д заасны дагуу санал хураалт явуулахаас 60 хоногийн өмнө буюу өнөөдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хандан сонгуульд оролцохоо илэрхийлэх заалттай. Тиймээс Хэнтий, Сонгинохайрханы нөхөн сонгуульд ийнхүү есөн нам бүртгүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн МАХН-тай нэгдсэн эрх баригч МАН-ын хувьд энэ удаагийн нөхөн сонгуульд Н.Энхбаяр эсвэл түүний хүү Батшугар нарыг нэр дэвшүүлэхээр тохирсон тухай яриа улс төрийн хүрээнд өрнөж буй. Харин 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр дотоод зөрчил нь туйлдаа хүрч, дөнгөн данган Ерөнхийлөгчийн сонгуультай золгосон АН хэрхэн оролцох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Ямар ч байсан УИХ-ын сонгуулиар Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй ШИНЭН-тэй нэгдэж, “ШИНЭ” эвсэлийн бүрэлдэхүүнд багтсан А.Отгонбаатар даргатай Үнэн ба Зөв тэргүүтэй намууд өөрсдийн үзэл баримтлалаар оролцох бололтой. Сонирхуулахад, нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг хоёр тэрбум 287 сая төгрөгөөр тогтоолын төсөлд тусгасан юм.

Г.Эрхэс