Тоног төхөөрөмж татан авах ажлыг эрчимжүүлэхийг хүслээ

Шадар сайд С.Амарсайхан Газрын тосны үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтанд оруулах асуудлаар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхтэй өнөөдөр санал солилцлоо.

Элчин сайд М.П.Сингх газрын тосны үйлдвэрийг барьж байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалыг БНЭУ-аас татан авах ажлыг эрчимжүүлэх хүрээнд хил гааль, холбогдох байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах хүсэлтийг Шадар сайдад уламжлав.

Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг үе шаттайгаар  авч хэрэгжүүлж байгааг дурьдаад, коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын хилийн боомтуудад ачаа тээвэр, техник тоног төхөөрөмж саатаж, барилгын материалын үнэ нэмэгдэж газрын тосны үйлдвэр байгуулах ажилд хүндрэл учирч байгааг учирлав. Гэсэн хэдий ч үйлдвэрийн барилгын ажлыг зогсолтгүй үргэлжлүүлэн төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад Монгол улсын Засгийн газар анхааран ажиллаж байгаа, мөн Элчин сайдын уламжилсан асуудалд онцгойлон анхаарч хэрэгжүүлэхийг онцоллоо.

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий тос дамжуулах хоолой байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.