Замын-Үүдийн боомтоор хамгийн өндөр тооны ачаа оруулжээ

Замын-Үүд хилийн боомтод өчигдөр өргөн төмөр замаар 88 вагон, авто замаар 198 машин ачаа орж иржээ. Энэ нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр тоотой ачаа орж ирсэн тохиолдол Засгийн газраас тайлбарлаж байна. Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нөлөөгөөр сүүлийн жил гаруйн хугацаанд тодорхой боомт, хотод ачаа барааны бөөгнөрөл үүсээд буй. Үүнийг шийдвэрлэхээр холбогдох албаныхан Замын-Үүд боомтод ажиллаж байгаа билээ.

"Замын-Үүд суманд тусгаарлагдан дундын бүсэд ажиллаж байгаа 100 жолоочийг Гадаад харилцааны яамаар уламжлан Эрээн боомтын хилийн бүсэд ажиллуулвал ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой болно. Одоогоор Эрээн хотын ачаа барааны төвд ачаатай автомашины бөөгнөрөл байхгүй болж Монгол талаас гарч байгаа автомашинууд тухайн өдөртөө Эрээний талд ачаандаа орж дараагийн өдөр хилээр гарч ирж байна. Ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд авч хэрэгжүүлсэн бас нэг арга хэмжээ бол төмөр замын ачаа тээвэрлэлтийг  нэмэгдүүлэх тал дээр хоёр тал хамтран ажиллаж байна" хэмээн Зам-Үүд сум дахь Бүрэн эрхт төлөөлөгч, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга Ц.Жавхланбаатар мэдэгдэж байсан удаатай.