НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Гуравдугаар тунгыг сонголтод "Спутник V" багтахгүй
“Ковид-19”-ийн халдварын эсрэг гуравдугаар тунг хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан вакцины асуудлаар тайлбар хийжээ.
Тэрбээр “Засгийн газрын худалдан авсан вакцины нөөцөд БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм үйлдвэрийн “Вероцелл”, Файзер үйлдвэрийн “Комирнэти”, "АстраЗенека" вакцин бий. Өөрсдийн нөөц боломжид уялдуулан дархлаа сэргээх тунг иргэдэд санал болгож байгаа юм. Зорилтот бүлгийн 55-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, хүндэтгэх шалтгаантай иргэд, цар тахлын үед ажиллаж буй хариу арга хэмжээний багийнхан дархлаа дэмжих нэмэлт тунд хамрагдаж болно. Вакцины нөөц хангалттай бий.
Дархлаа дэмжих нэмэлт тунгийн вакцин хольж тариулах боломжтой. Хэрэв АстраЗенека вакцины хоёр тунд хамрагдснаас хойш гурван сараас дээш хугацаа өнгөрсөн бол Вероцелл, Файзер аль алинаас нь сонгож болно. "Cпутник V" вакцинд хамрагдсан иргэд мөн адил. Хоёр тунд хамрагдаж гурван сар болсон бол Файзер, Вероцелл вакцинаас аль нэгийг нь сонгоно. Харин "Спутник V" вакциныг санал болгохгүй. Учир нь нөөц байхгүй. Засгийн газар худалдан авсан “Спутник V” вакцинаар иргэдийг нэг, хоёрдугаар тунд хамруулж дуусгасан” гэжээ.