Гарааны бизнесийн боломж, ирээдүйн хөгжлийн зураглалыг гаргана

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай цахим уулзалт хийлээ.

Уг уулзалтаар Монголын гарааны бизнесийн эко системийн судалгааг холбогдох төрийн байгууллага болон хувийн хэвшилтэй хамтран боловсруулахаар болсон юм. Судалгааны ажлын хүрээнд Монголын гарааны бизнес эрхлэгчдийн өнөөгийн байдал, эко системийн давуу болон сул талуудын талаарх судалгааг боловсруулж, дүн шинжилгээ хийнэ. Түүнчлэн Монголын гарааны бизнесийн эко системийн боломж, ирээдүйн хөгжлийн зураглалыг гаргах юм.

Мөн Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын хэрэгжүүлж буй “10,000 программист” төсөл болон Улаанбаатар инновацын төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “ЖАЙКА”-аас сайн дурын ажилтныг ажиллуулах талаар санал солилцов. “КОВИД-19” цар тахлын дэгдэлт буурч, хэвийн горимд шилжсэн үед тус сайн дурын ажилтнуудыг урьж ажиллуулахаар тохиролцлоо.